МАГИСТРЫН ОЮУТНУУД ХЭР ИХ УНШДАГ ВЭ?

Нутаг буцах дөхөөд авч явах хэдэн номоо цэгцэлж байгаад гэнэт энэ бичвэрийг оруулмаар санагдлаа. Нэг чемодан ном бол худалдаж авсан л юм байна. Уг нь Kindle-аар цахим ном авч уншдаг байсан юм. Харин сүүлийн үед хэвлэмэл хэлбэрээр унших нь сонирхолтой бас таашаалтай болоод байна, нас явж байгаагийнх юм болов уу кк 😊😊😊

Их сургуульд магистрын түвшинд амжилттай суралцаж, олдсон цаг хугацаагаа амжилттай ашиглахад унших чадвар их чухал санагддаг. Тиймээс ирээдүйд энэ түвшинд суралцах төлөвлөгөөтэй байгаа хүмүүст зориулж өөрийн туршлагад суурилж уншлагатай холбоотой товч мэдээлэл, зөвлөмж өгье.

📌 ХЭР ИХ УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Таны сонгосон мэргэжил, хөтөлбөрийн онцлогоос хамаарна. Гэхдээ дараах байдлаар тооцож болох юм. Жишээ нь миний сурч буй хөтөлбөрийн хүрээнд 2 жилийн хугацаанд нийт 16 хичээл үздэг бөгөөд нэг хичээлийн хүрээнд 12 семинарт оролцдог. Семинар бүрийн өмнө оюутнууд багшийн шаардсан, мөн зөвлөсөн дунджаар 3-5 академик өгүүлэл, кэйс судалгаа унших ёстой байдаг. Тэхээр энэ нь дунджаар 800 орчим өгүүлэл болж байна.

Үүнээс гадна нэг хичээл дээр дунджаар ганцаарчилсан болон багийн 3 бие даалтын ажил гүйцэтгэж, шалгалт өгөх ёстой. 1 бие даалтын ажил хийхэд 10-аас доошгүй академик эх сурвалж ашиглах шаардлагатай гэж үзвэл мөн л ойролцоогоор 500 орчим өгүүлэл болно.

Дээрхийг нэгтгэж харвал магистрт суралцахад 1000-аас доошгүй тооны академик эх өгүүллийг унших шаардлагатай болдог байх нь. Хэрэв та судалгааны чиглэлээр суралцах бол үүнээс ч илүүг унших шаардлагатай болох нь гарцаагүй.

📌 ХЭРХЭН УНШВАЛ ДЭЭР ВЭ?

Мэдээж таны хэлний мэдлэг хангалттай, дээр нь унших сонирхол болон чадвар сайтай бол үүнд ямар нэг асуудал гарахгүй байх. Гэхдээ дээрх бүх өгүүллийг уншиж, агуулгыг бүрэн эзэмших нь нэг зэрэг олон хичээл үзэж, даалгавруудад дарагдаатай үед тун хэцүү байдаг. Ачаалалтай гээд бас уншихгүй явж болохгүй. Тэхээр энэ хоёрын балансыг олж, тухайн хичээлийн гол агуулгыг ойлгож, эзэмших нь чухал. Үүний тулд дараах 3 аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

✅ Тухайн хичээлийн сэдэвтэй холбоотой гол сурах бичиг, номыг олж авах. Нэг хичээлийн агуулга нь зөвхөн нэг сурах бичгээс бэлтгэгдэхгүй нь ойлгомжтой ч хичээл эхлэхийн өмнө, эсвэл эхлэх үеэр багш нараасаа тухайн хичээлтэй холбоотой хамгийн сайн агуулгатай ном, сурах бичиг байдаг эсэхийг лавлаж, түүнийг олж авч унших нь их зүгээр байдаг. Энэ нь багшийн санал болгох олон төрлийн өгүүллийн гол санаануудыг багцалж, харьцуулж эмхэтгэсэн байдаг давуу талтай. Миний хувьд тухайн хичээл бүр дээр сонгосон нэг номоо худалдаж авч байсан ба энэ нь дараа ашиглахаас эхлээд олон давуу талыг бий болгодог.

✅ Гол өгүүлэлд төвлөрөх. Манай хөтөлбөрийн хувьд багш нар ихэнхдээ унших материалуудыг Заавал унших /Required/ болон Уншихыг зөвлөж байна /Recommended/ хоёр хэсэгт хуваасан байдаг. Тэхээр заавал унших буюу гол өгүүллүүдийг бүрэн уншиж, гол санааг нь тэмдэглэж авах нь зүйтэй. Харин нэмэлт материалыг та хангалттай цагтай бол унших, эсвэл бие даалтын ажил хийх, шалгалтад бэлдэх үедээ унших боломжтой.

✅ Уншлагын хурдаа сайжруулах. Одоо гадаад, дотоодын аль ч их сургуулийн бакалаврын дараах хөтөлбөрт суралцаж байгаа хүмүүс академик англи хэлний тодорхой түвшинтэй байгаа болов уу. Тиймээс хурдан уншлагад хэрэглэдэг scanning and skimming зэрэг уламжлалт техникүүдээ хөгжүүлэх нь мэдээж чухал. Нөгөөтээгүүр технологийн эринд суралцаж буй давуу талаа ашиглаж сургуулийнхаа дүрмийн хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан төрөл бүрийн уншлагын software-үүдийг том хэмжээний, ойлгоход хүндрэлтэй өгүүллүүдийг хялбаршуулж уншихад бас ашиглах боломжтой. Энэ талаар Доктор Ulzii Gurjav -н явуулдаг сургалтад хамрагдвал хэрэгтэй мэдээлэл олж авах болно.

Уг нь товч бичье гэж бодсон, хэт нуршчихлаа, уучлаарай. За тэгээд та бүхний одоо ба ирээдүйн ажил, сурлагад амжилт хүсье!

Хүндэтгэсэн

Г.Цогтбаатар

Мельбурн, Австрали

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑