АВСТРАЛИАС СУРАЛЦАХ НЬ: НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ХҮРТЭЭМЖ БА ҮЙЛЧИЛГЭЭ

Үнэнийг хэлэхэд Австралиас авах зүйл асар их байна аа кк. Тоймлоод зарим чухал зүйлсийг завтай үедээ хүргээд явна. Өмнөх нийтлэлээс хойш хичээлийн ачааллаас шалтгаалж бичилгүй нэлээд уджээ. Энэ удаад Австралийн Public Library буюу Нийтийн номын сангийн хүрэлцээ ба үйлчилгээний талаар товч мэдээлэл хүргэхийг зорьлоо.

📌 НЭГ. НОМЫН САНГИЙН ХҮРТЭЭМЖ

Эндэхийн номын сангийн хүрэлцээ сайн гэдэг нь ер нь андашгүй, манай гэрийн ойролцоо (2 км хүртэлх радиус дотор) гэхэд л 4-5 нийтийн номын сан байдаг. Google-ээс хайлт хийж үзэхэд миний амьдарч буй Викториа мужийн хэмжээнд нийтэд зориулсан 📈 291 суурин номын сан, 233 явуулын номын сан, номын сангийн зарим үйлчилгээг авах боломжтой 72 бусад цэг байдаг юм байна. Викториа 6 сая гаруй гаруй хүн амтай гэвэл 22680 хүнд 1 суурин номын сан ногдож байна (явуулын болон бусад хэлбэрийн номын санг оруулахгүйгээр).

Харин Улаанбаатар хотод маань одоогоор олон нийтэд үйлчилдэг 13 номын сан байдаг гэсэн мэдээлэл олдож байна. Улаанбаатар 1.5 сая хүнтэй гэвэл 115385 хүнд 1 суурин номын сан ногдож байна гэсэн үг л дээ. Энэ нь Викториа мужаас бараг 5 дахин бага үзүүлэлт юм. Хэрэв явуулын болон бусад номын сангийн хэлбэрүүдийг оролцуулж тооцвол энэ үзүүлэлт бүр огцом буурах нь мэдээж. Бид эдний жишигт хүрье гэвэл бараг хороо бүр 1 номын сантай болох хэрэгтэй болно.

Тэхээр энэ багахан харьцуулалтаас манай нийт хүн амын ихэнх хэсэг төвлөрсөн, Монголын эдийн засаг, нийгмийн оюун санааны төв болсон Улаанбаатар хот маань номын сангийн хүрэлцээ ямар хангалтгүй байгаа, мөн хэр их зүйл сайжруулах шаардлагатайг төвөггүй харж болно.

Викториа муж дахь номын сангууд

📌 ХОЁР. НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Номын сангийн үйлчилгээний хувьд энд бид Викториа мужийн төв номын сан болон бусад хотын төвийн томоохон номын сангуудын талаар гэхээс илүүтэйгээр манайхаар бол дүүрэг, хороодын буюу орон нутгийн жижиг номын сангийн үйлчилгээний (цаашид орон нутгийн гэе) талаар мэдээлэл хүргэх болно. Яагаад гэвэл манай Улаанбаатарт одоогоор энэ түвшний номын сан бараг байхгүй гэхэд болно.

Миний хувьд өмнө нь номын санг илүү ном унших газар гэж хардаг байж. Харин энд ирээд орон нутгийн номын сангууд нь иргэдэд ном олгохоос илүү өргөн хүрээтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгааг (хэрэгжүүлэх боломжтойг) ойлгосон.
Орон нутгийн номын сангуудыг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага хариуцаж ажилладаг. Тиймээс орон нутгийн номын сангууд ерөнхийдөө тэдний иргэдийг соён гэгээрүүлэх, мэдэх, оролцох эрхийг хангах нээлттэй суваг нь болдог гээд хэлэхэд буруудахгүй байх. Энэ нь ч бараг зөв байх. Улаанбаатарт бол иргэд ихэвчлэн хороотойгоо л харилцдаг шүү дээ. Гэтэл хорооноос иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр яг юу хийдэг билээ? Гэхээр сонгуулийн үеэр аль нэг эрх бүхий намын ухуулга сурталчилгаа хийдэг гэхээс өөр хариулт олдохгүй байгаа юм. Гэтэл энэ алдагдсан үүргийг орон нутгийн номын сангууд гүйцэтгэж байна гэсэн үг л дээ.

Энд орон нутгийн номын сангийн үндсэн үйлчилгээ нь дараах байдлаар иргэдэд хүрдэг:
✅ Номын санд карт нээлгэх, ном унших, зээлэх төлбөргүй;
✅ Номын сангаас нэг удаа 40 хүртэлх ном, материалыг 3 долоо хоног хүртэлх хугацаагаар зээлж, гэртээ унших боломжтой;
✅ Энэ хугацаанд хэрэв өөр уншигч захиалга өгөөгүй бол тухайн зээлсэн материалуудаа дахин 2 удаа сунгуулах боломжтой;
✅ Ерөнхийдөө нийтээр амрах баяр ёслолын зэрэг өдрөөс бусад үед 7 хоногийн бүх өдрүүдэд тогтмол ажиллана (ажлын өдөр: 10-20 цаг, амралтын өдөр: 11-17 цаг);
✅ Номын санд компьютер, хэвлэгч, хувилагч ашиглах боломжтой. Материал хэвлэсэн бол хэвлэлийн төлбөртэй;
✅ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ үнэхээр хүртээмжтэй. Тэд авахад нь зориулж автомашины зогсоол, эсвэл электрон тэргэнцэр цэнэглэгч, барилга байгууламж, үйлчилгээний танхим, ариун цэврийн өрөөнд орж гарах зэргээс эхлээд бүх төрлийн стандартыг нэвтрүүлсэн байдаг.

Мөн дараах үйл ажиллагаануудыг явуулдаг.
✅ Тухайн орон нутгийн захиргаатай хамтран иргэдийг ажлын байранд зуучлах, ажил эрхлэлтийг дэмжих төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах;
✅ Номын клубүүд, Англи хэлний клубүүд (General English Conversation, Toastmasters international гм), Гар урлалын клубүүд гм клубүүдыг дэмжиж хамтран ажиллах;
✅ Бусад орноос шилжин суурьшигчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, соёлын арга хэмжээнүүд;
✅ Тодорхой цагийн төлбөр төлбөртэйгөөр дээрх клубүүд болон бусад сургалт, хөгжил, улс төрийн оролцоог хангахтай холбоотой олон нийтийн ажлуудыг зохион байгуулах анги танхим түрээслэх боломж бий.

Манай гэр бүл ихэнхдээ үйлчлүүлдэг Preston Library нэг иймэрхүү. Ерөнхийдөө жижиг хороонд байрлалтай нийтийн номын сангууд нэг иймэрхүү хэмжээтэй байдаг. Гэхдээ эндээс иргэд миний дурьдсан бүхий л үйлчилгээг авах боломжтой. Манай гэрээс 10 мин алхаад очих боломжтой.
Preston Library ариун цэврийн өрөө. Та бүхэн сайн ажиглавал энд хүүхэд хуурайлах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөн ашиглах боломжтой байдлаар тохижуулсан байна.

📌 ГУРАВ. ГУДАМЖНЫ НОМЫН САН

Сүүлийн 10 гаруй жилийн турш Австралид Street Library буюу гудамжны номын сан гэсэн сайн дурын номын сангийн хөдөлгөөн өрнөх болсон. Одоогоор Австрали даяар 4500 гаруй гудамжны номын сан бүртгэгдсэн байдаг. Манай амьдарч буй газарт мөн Street Library гэж нэрлэгдэх хэд хэдэн номын хайрцгууд байрласан байдаг. Тэрхүү хайрцагт иргэд бусадтай хуваалцахыг хүссэн номоо байршуулж, ном хандивлах, солилцох хэлбэрээр ном унших хэрэгцээгээ хангадаг бөгөөд энэ нь иргэдийн цэвэр итгэлцэл, сайн дурын оролцоонд тулгуурлан явагддаг.

Та бүхэн Австралийн номын сангийн үйлчилгээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх эх сурвалжаар орж үзээрэй:

Танд амжилт хүсье!

Г.Цогтбаатар
Мельбурн хот, Австрали
2023.10.21

Тэмдэглэл No6 /Та өмнөх дугааруудыг мөн доорх холбооснуудаар уншиж танилцаарай/

Эх сурвалж:
https://tsogtbaatar.wordpress.com/
https://www.facebook.com/tsogtbaatarg

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑