(
Алдааг минь давталгүйгээр, богино хугацаанд Англи хэлээ сайжруулж, IELTS-ийн оноогоо ахиулаарай ![]()
![]()
![]()
)
Энэхүү нийтлэлээ
Англи хэлээ сайжруулах, цаашлаад Англи хэлний албан ёсны шалгалтуудын нэг болох #IELTS өгөхөөр төлөвлөж буй, эсвэл хамгийн багадаа
IELTS-ийн 6.5 оноо авахаар зорьж буй хүн бүхэнд урам зориг, хүсэл тэмүүлэл өгөхөд зориулав. Та энэхүү нийтлэлээс IELTS шалгалтын тухай товч ойлголт авахаас гадна, миний IELTS-ийн шалгалт өгч хүсэн хүлээсэн 6.5 оноогоо авахдаа баримталсан
IELTS Стратеги ба Тактикуудын талаар мэдэх боломжтой.
Миний хувьд
Англи хэл, IELTS чиглэлийн мэргэжлийн хүн биш бөгөөд хэрэв та энэхүү шалгалтанд хүссэн оноогоо өнөөг хүртэлх хугацаанд авч чадаагүй байгаа бол Мэргэжлийн багш, байгууллагад хандаж, цаг зарцуулж, системтэй бэлтгэхийг мөн хичээнгүйлэн зөвлөж байна
Танд энэ чиглэлийн сайн багш, байгууллагуудын талаар санаа өгөх зорилгоор нийтлэлдээ холбогдох нэрс, холбоосуудыг оруулсан болно.
Нэг. Англи хэлтэй нөхөрлөсөн минь ![]()
Миний хувьд ихэнх монгол залуусын адилаар дунд болон их дээд сургуульдаа
Англи хэлийг судалсан ч агуулга, ач холбогдлыг нь төдийлөн ойлгоогүйгээс өөрийн болгож, эзэмшиж чадаагүй өнгөрсөн. Бидний үед (хөгшин хүн шиг ярьж байна уу кк)
Англи хэлнээс илүү
Орос хэлэнд ач холбогдол өгдөг байжээ. Дунд сургуульд анги даасан багш маань орос хэлний багш байсан тул орос хэлэндээ илүү талтай байж, харин их сургуульд багш нар маань мэргэжлийн гол ном зохиолуудыг орос хэлнээс орчуулж унших даалгавар түлхүү өгдөг байсан, за дээр нь дунд болон их сургуулийн англи хэлний хөтөлбөрийн хооронд хөгжил дэвшил байгаагүй ба нөгөө л Elementary түвшний A, B, C-гээсээ хэтэрдэггүй байсан зэрэг нь Англи хэлийг шимтэн суралцах сэдэл өгөөгүй байж болох л доо. Гэхдээ мэдээж энэ бол ердөө шалтаг гэдгийг та гадарлаж байгаа байх ![]()
![]()
![]()
Харин их сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарсаны дараа
Англи хэл гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй ур чадвар болж таарсан. Миний хувьд их сургуулиа төгсөөд #Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн (#Press Institute of Mongolia) Мэдээлэл, Судалгааны албанд судлаачаар ажиллах аз завшаан тохиосон юм ![]()
![]()
. Тухайн үед энэ байгууллага дээр олон улсын донор байгууллагуудын санхүүжилттэй миний мэдэх хамгийн том төслүүд хэрэгждэг байлаа (одоо ч бас хэрэгжиж байгаа байх). 2007-2008 онд тус байгууллага дээр “#МҮОНРТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн мониторинг” нэртэй томоохон судалгааны төсөл хэрэгжиж, миний бие тус төслийн ахлах судлаачаар Данийн Орхусын Их сургуулийн Профессор Пол Эрик болон түүний шавь Деннис Соренсен нартай бүтэн нэг жилийн турш хамтран ажиллаж, суралцаж, нөхөрлөсөн билээ. Энэ цаг үеэс хойш хойш миний бие
Англи хэл гэх зүйлийн ач холбогдлыг ухаарсан байдаг ![]()
![]()
. Гэсэн ч Англи хэлийг өдөр тутам ашиглах ажлын шаардлага, хэрэгцээ бага байсан тул ажилд хэрэгтэй ном, эх сурвалжийг өөрийн түвшинд орчуулж ашиглахаас цааш, нэг их гавьдаггүй байлаа.
Хоёр. IELTS шалгалт өгөхөөр шийдсэн тухай
Хэвлэлийн хүрээлэнд ажилласны дараа миний бие 2008 оны эхээр их сургуулийн багш нартайгаа нийлж судалгааны чиглэлээр өөрийн хувийн компаниа (#IRIM) байгуулсан юм. Энэ үед миний хувьд хамтран ажиллаж байсан их сургуулийн багш, судлаачдаасаа боловсрол, мэдлэгээ хэрхэн гадаадын урт, богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж тасралтгүй сайжруулж байгааг ажигласан. Тиймээс энэ үеэс эхлээд миний бие өөртөө “Нэг л нартай өдөр тэдэн шиг тэтгэлэг аваад, өндөр хөгжилтэй оронд суралцана даа” ![]()
![]()
гэсэн бодлыг тээх болсон юм. Үүнээс хойш өөр нэг компаниа байгуулж, үйл ажиллагааг нь тогтворжуулах (#OSHMI), хувийн амьдралаа цэгцлэх гэж явтал нэг л мэдэхэд нөгөө бодлоо тээсээр дахиад нэлээд хэдэн жил өнгөрөв. Гэхдээ энэ хооронд бас зүгээр суусангүй ээ. Англи хэлээ сайжруулах, адаглаад сурсан зүйлээ мартахгүйн тулд бараг л жил бүр урт, богино ямар нэг хугацаагаар #Jet, #TalkTalk English зэрэг сургалтын төвүүдийн ерөнхий англи хэлний курсуудэд суралцаж байлаа. Харин аз тохиож 2015-2016 онд эхнэр маань
Их Британийн Засгийн Газрын #Chevening тэтгэлэгт шалгарч ![]()
![]()
, жил гарны хугацаанд бид гэр бүлийн хамтаар Англид сурч, амьдрах завшаан тохиосон нь миний хувьд тэнд байх хугацаандаа хэлээ сайжруулж, IELTS-ийн анхны шалгалтаа өгөх, цаашлаад гадаадад суралцах зорилгоо дахин шинээр, мөн эргэлт буцалгүйгээр тодорхойлсон юм.
Гурав. IELTS -н анхны шалгалт, Яагаад Англи хэлийг Монголдоо сурах нь зөв бэ?
Англид очоод IELTS курст суугаад, хэлээ сайжруулаад алаад өгнө л гэж бодож байлаа. Гэхдээ тэнд очоод миний хувьд
“Англи хэлийг Монголдоо сурах нь хамгийн ухаалаг шийдэл юм байна!” гэсэн дүгнэлтийг хийсэн. Яагаад гэхээр
1-рт тэнд сурахад маш өндөр төлбөртэй. Тухайн үед харьцуулж үзэхэд Англид IELTS сургалтад 7 хоног л суух хэмжээний төлбөрөөр Монголд Jet-н IELTS-н бүх түвшний сургалтад 2-4 сар суухаар байсан.
2-рт манай Англи хэлний сургалтын төвүүд бол гадны сургалтын төвүүдээс сургалтын хөтөлбөр, материал, чанар, сургалтын орчин, багш нараараа дутахгүй түвшинд очсон юм байна гэдгийг харьцуулж мэдсэн,
3-рт Зөвхөн гадаад багш нар биш Монгол багш нар хамтарч сургалт явуулдаг тул Монгол дахь англи хэлний сургалтын арга барил бол Монгол хүний хандлага, сурах арга барилд илүү тохирсон байх талтай,
4-р сургалтанд суусан ч багшийн хичээл дээр заасан зүйлээс хэтрэхгүй, хичээлийн дараа өөрөө нэмж давтахгүй, сурсан зүйлээ ажил, амьдралдаа ашиглахгүй бол Монголд сурах, гадаадад сурах хооронд зарчмын ялгаа байхгүй.
Миний хувьд мэдээж Англид очсон хүний хувьд ямартай ч IELTS -ийн богино хугацаан сургалтанд хамрагдаж, анхны шалгалтаа өгч,
IEILS-ийн 5.0 гэсэн албан ёсны оноотой болсон маань том дэвшил байв. Учир нь өмнө нь англи хэл сураад яваад байснаас нь өөрийн түвшнийг албан ёсоор тодорхойлуулж байсангүй. Хэдийгээр бага оноо авсан ч миний хувьд албан ёсны шалгалт өгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээтэй болсондоо тухайн үедээ маш их баяртай байсан ![]()
![]()
. Үүнээс миний бие олон жилийн турш англи хэлээ сайжруулах талаар сургалтанд сууж ирсэн ч ямар ч хэмжигдэхүйц зорилгогүй явсаар ирсэн нь миний сургалтын амжилтанд сөргөөр нөлөөлж байсныг ойлгосон юм. Тиймээс хэрэв та Англи хэлээ сайжруулах зорилго тавьж байгаа бол
IELTS-ийн 6 оноо, TOEFL 80 оноо авна гэх мэтээр хөндлөнгийн байгууллагаар үнэлэгдэж болох зорилго тавихыг зөвлөж байна. Түүнчлэн Англи хэлээ сайжруулах зорилгоо өөрийн ямар нэг сонирхол, хоббитой уях нь чухал байдаг. Тухайлбал: Миний хувьд ном унших дуртай бөгөөд тухайн үед Интер номын дэлгүүр тогтмол орж, бараг сар бүр л шинэ номнуудыг худалдан авч уншдаг байлаа. Харин Англид байх үедээ миний бие хүссэн оноогоо автал Монгол хэл дээр, орчуулгын ном худалдан авч, уншихгүй, зөвхөн англи хэл ном унших амлалтыг өөртөө өгсөн юм. Амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор #Amazon Kindle худалдан авч Amazon-с цахим номнууд худалдан авч уншдаг болсон. Энэ нь миний Англи дээрх уншлагын чадварыг сайжруулахад сайнаар нөлөөлсөн гэж боддог. За тэгээд хэдийгээр IELTS албан ёсны оноотой болсон ч тухайн үед Australia Awards Тэтгэлэгийн IELTS-ийн онооны шаардлагад хүрээгүй (тухайн үед 5.5 шаарддаг байв) л байлаа. Тиймээс Англиас буцаж Монголд ирснийхээ дараа #Golden Compass сургалтын төвийн IELTS эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, дахин шалгалт өгсөн бөгөөд ямартай ч тухайн үед тэтгэлэгт материал өгөхөд шаардлагатай байсан
IELTS 5.5 гэсэн оноогоо авч чадсан билээ.
Дөрөв. IELTS 5.5-аас 6.5 авсан 3 сарын туршлага ![]()
2019 оны 8 сард #Australia Awards хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээгээ хүлээн авсны дараа миний хувьд тус хөтөлбөрийн зүгээс хэрэгжүүлдэг IELTS-ийн бэлтгэл курст 2019 оны 9 сарын 16-аас 12 сарын 15 хүртэлх 3 сарын хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөн, бүтэн цагаар хамрагдаад 2020 оны 1 сарын 4-д олон жил тэмүүлж, хүсэн хүлээсэн
IELTS 6.5 (Listening 6.5, Writing 6.5, Reading 7.0, Speaking 6.5) оноогоо авч чадсан билээ ![]()
![]()
.
Миний хувьд #ESP төв дээр IELTS on paper төрлийг сонгож өгсөн бөгөөд энэ 3 сарын хугацаанд IELTS дундаж оноо болон Сонсох, Бичих, Ярих чадварууд маань бүтэн ![]()
![]()
1 оноогоор, Унших чадвар маань бүтэн 2 оноогоор ахисан юм. Олон улсад баримталдаг IELTS -ийн сургалтын жишгээр хүн бүтэн цагаар хичээл зүтгэлтэй бэлдэж чадвал 3 сарын хугацаанд 0.5 оноо ахих боломжтой гэж үздэг.
Энэхүү 3 сарын эрчимжүүлсэн хөтөлбөрийг #IET (Institute of Education and Training) болон #МУИС-ийн Гадаад хэлний танхим хамтран зохион байгуулж байсан бөгөөд миний болон бусад нөхдийн маань зорьсон оноогоо авахад мэдлэг туршлагаа харамгүй зориулж, сэтгэл санааны өндөр дэмжлэг өгч байсан хүмүүс бол яах аргагүй тус хөтөлбөрийн багш нар болох Нуржан, Үүлэнсолонго, Sarah Johnston, Carmel Darling нар байсан ба одоо ч бид тэдэнд талархаж явдаг билээ.
Тав. IELTS стратеги ![]()
#Australia Awards тэтгэлэгт шалгарсан хүмүүсийн хувьд тухайн оныхоо 9 сарын 15-12 сарын 15-ны хооронд IELTS курст 3 сар бэлтгэгдээд, үндсэндээ дараа оны 2 сарын 15-ны дотор IELTS 6.5 (Reading, Listening, Writing and Speaking skills should be at least 6 points) оноог авсан байх шаардлага тавигддаг. Хэрэв энэ хугацаанд оноогоо авч чадахгүй бол тухайн хүн хөтөлбөрийн бусад шаардлагыг хангасан боловч хэлний шаардлагыг хангаж чадсангүй, тиймээс тэнцсэнгүй гэсэн хариутай үлддэг. Ийм хариу авч харамсалтайгаар хөтөлбөрөөс хасагдаж үлдсэн хүмүүс цөөнгүй байдаг гэж сонссон. Дээрх deadline дөхөхийн хэрээр хүмүүсийн стрессийн түвшин нэмэгдэж, зохицуулж чадахгүй бол амжилтанд нь сөрөг нөлөөлөх магадлалтай байдаг.
Иймд миний хувьд IELTS-н шаардагдах оноогоо аль болох эрт авахыг зорьсон буюу 3 сарын хугацаанд оноогоо 5.5-6.5 болгож сайжруулах төлөвлөгөө зохиож, хэрэгжүүлсэн юм. Тиймээс тухайн оны (2019 оны) 12 сарын эхээр 1, дараа оны (2020 оны) 1 сарын эхэн болон дундуур тус бүр 1, 2 сард мөн 2 удаа, нийт 5 удаа шалгалт өгөхөөр бүртгүүлж байлаа. Тухайн үед #ESP төв л IELTS-ийн албан ёсны шалгалт авдаг байсан бөгөөд шалгалтын хуваариа бараг 3-6 сарын өмнө бүртгүүлэхгүй бол шалгалт өгөх гээд ч суудалгүй болох асуудал их гардаг байсан. Мэдээж оноогоо эрт авчихвал дараалласан бүртгэлүүдээ цуцлаад төлбөрөө эргүүлэн авах боломжтой байдаг (Тодорхой хувийн шимтгэл төлнө, мөн 5 долоо хоногийн доторхи бүртгэлийн өөрчлөх, цуцлах боломжгүй байдгыг анхаарах!).
Дараах
IELTS стратегиа дараах 3 алхамаар хэрэгжүүлсэн. Үүнд:
1. Өөрийн түвшинг тодорхойлох
2. Зорилго, төлөвлөгөө гаргах
3. Хэрэгжүүлэлт, гүйцэтгэл
Дээрх шат бүрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар товч зөвлөмжүүд бичив.
Ахлам 1. Өөрийн түвшинг тодорхойлох
Та IELTS оноогоо өсгөх бодитой төлөвлөгөө хийхийн тулд та яг одоо ямар түвшинтэй байгаа вэ? гэдэгтээ тодорхой хариулах хэрэгтэй. Хэрэв танд боломж байгаа (цаг хугацаа, мөнгө гм) бол та IELTS-ийн албан ёсны шалгалтыг шууд өгөөд үз. Хэрэв боломжгүй бол та IELTS-ийн Mock Test авдаг сургалтын төвүүд дээр шалгалт өгөөрэй. Магадгүй танд сургалтын төвүүд дээр Mock Test өгөх нь илүү тохиромжтой байж ч болох юм. Учир нь мэргэжлийн багш нар таны Унших, Сонсох, Бичих, Ярих ур чадваруудын үнэлгээнд тулгуурлан таны гол сул ба давуу талуудыг тодорхойлж, хэрхэн сайжруулж болох тухай зөвлөмж өгнө. Жишээ нь бидний хувьд хөтөлбөр эхлэх үед Авсрали ба Монгол багш нар нийлж, IELTS Mock test авч байсан бөгөөд түүнд тулгуурлан бид гол давуу, сул талуудаа мэдэж авсан нь зорилго оновчтой тогтооход тус болсон гэж боддог.
Ахлам 2. Зорилго, төлөвлөгөө гаргах
Хэрэв та төлөвлөгч талын хүн бол төлөвлөгөөгөө өөрт байгаа цаг хугацаа бүрийг маш үр дүнтэй ашиглахад чиглүүлэн аль болох нарийвчлалтай хийвэл сайн. Тийм биш байлаа ч танд ерөнхий болов ч төлөвлөгөө заавал хэрэгтэй болно. Үгүй бол цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч, deadline-ууд тулсан байдаг шүү дээ. Энэ шатанд та дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
1. Зорилго тодорхой байх: Зөвхөн IELTS 6.5 эвсэл 7.0 гээд орхихгүйгээр 4 талбар бүрт зорьж буй оноогоо тодорхойлох. Миний анзаарснаар сонсох, унших хоёр ур чадварын онооны зорилгоо илүү өндөрөөр тавьж өгвөл зүгээр. Учир нь ярих, бичихтэй харьцуулбал эдгээрийг илүү хурдан хөгжүүлэх магадлалтай. Магадгүй таны сонсох эсвэл унших хэсэг 7-с дээш, бусад талбарууд дээрээ 6 оноо авснаар нийт дундаж тань 6.5 болж ч бас болно.
2. Хугацаа заагдсан байх: Төлөвлөгөө заавал хугацаатай байх хэрэгтэй. Ер нь багадаа 3 сарын хугацаагаар төлөвлөгөөгөө гаргавал зүгээр. Учир нь олон улсын жишгээр 3 сарын хичээл зүтгэлээр IELTS дээр дунджаар 0.5 оноо ахих боломжтойд тооцогддог. Тэгээд түүнийгээ 7 хоног бүрээр нарийвчлан гаргавал бүр сайн.
3. Дөрвөн ур чадвар ба сайжруулалт шаардлагатай талбаруудыг хамрах: Мэргэжлийн багш нарын зөвлөгөөгөөр бол зөвхөн сул талаа сайжруулах төлөвлөгөө хийж болохгүй. Учир нь энэ хооронд сайн тал нь хаягдаж хүссэн оноогоо авахгүй байх эрсдэлтэй. Тиймээс сайн ур чадваруудаа ч улам сайжруулах, тэнцвэртэй төлөвлөгөө хийх хэрэгтэй. Сайжруулалт шаардлагатай талбаруудын хувьд та яг яагаад тухайн талбарт ахиж өгөхгүй байгаадаа сайтар задлан шинжилгээ хийж, үндсэн шалтгааныг арилгах дээр цаг зарцуулсан төлөвлөгөө гаргах зохимжтой.
4. Өдрийн цагууд, ялангуяа сул цагуудыг үр дүнтэй ашиглах: Миний хувьд цаг хугацаа маш чухал байсан тул өөрийн амьдралын хэв маягтай уялдуулан цагаа зөв ашиглах зорилгоор өдрийн цагийг дараах байдлаар 6 ангилж, тохирох үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлсэн. Үүнд:
a. Өглөө эрт (7-9 цаг): IELTS курс маань 7 хоногийн ажлын өдрүүдийн 9 -16 цагт МУИС-ийн номын санд явагддаг байсан. Миний хувьд энэ цагт өдөр бүр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх зуураа 2 цаг орчим машинд түгжирдэг тул энэ хугацаанд BBC, ABC radio сонсож, YouTube-с IELTS -н сэдэвчилсэн үгүүдийг мөн сонсож, цээжилдэг байсан. Мөн хөтөлбөрийн цагаас 30 минутын өмнө очоод хичээл эхлэхээс өмнө бусад нөхдүүдтэйгээ writing task 1, эсвэл task 2 -г цаг тавьж хийгээд харилцан бие биедээ зөвлөмж өгөх зэргээр цагийг аль болох үр дүнтэй өнгөрүүлхийг хичээдэг байлаа.
b. Өглөө (10-11 цаг): Энэ хугацаанд хөтөлбөрийн зүгээс төлөвлөсөн хичээл сургалтаа ордог байсан. Тиймээс энэ хугацааг зааж буй агуулгыг бүрэн ойлгож, хүлээн авахад төвлөрч байв.
c. Сайжруулалт дээр ажиллах цаг (11-13 цаг): Энэ хугацаанд сайжруулах шаардлагатай гэж үзсэн ур чадварууддаа цагаа төлөвлөсөн. Жишээ нь Advantage & Disadvantage төрлийн эссэ бүтэц, холбоо үг сурах, жишээ дасгал ажиллах гм.
d. Үдээс хойш (14-17 цаг): Цайны цагийн дараа тул 1 цаг орчим speaking чадвараа сайжруулах дээр цаг төлөвлөж байсан. Энэ үед ангиасаа 4 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж, IELTS Speaking шалгалтын горимоор бие биенэээсээ шалгалт авч, зөвлөмж өгдөг байсан. Энэ маш үр дүнтэй. Мөн энэ цагт хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ харих замдаа түгжрэл дунд 1-2 цагийг чихээ онгойлгох зорилгоор World Economic Forum, Business Insider, NASA, Science news, Netflix зэргээс сэдэвчлэн documentary үздэг байсан.
e. Орой (18-21 цаг): Ихэнхдээ энэ цагаар Cambridge IELTS Practice Tests ажилладаг байсан. Оройн цагаар шинэ зүйл сурахаас илүү сурсан зүйлээ тест хийх нь зүгээр санагдсан.
f. Илүү цаг (21-22 цаг): Шаардалагатай бол энэ цагт нэмэлт хичээл хийнэ. Гэхдээ өглөө эрт босох тул аль болох эрт амрахыг хичээдэг байсан.
5. Ашиглах эх сурвалжуудаа сонгосон байх: Өөрийгөө бэлдэх явцад яг ямар ном, эх сурвалжийг баримтлахаа сонгож, эцэслэх нь маш чухал санагдсан. Хэрэв тэгэхгүй бол хүн бүрийн сайн гэж зөвлөсөн материалыг сөхөж явсаар нэг материалаа ч бүрэн гараас гаргахгүй байх сул талтай. Миний хувьд дараах материалуудыг гол эх сурвалжаар ашигласан:
a. IELTS үндсэн сурах бичиг: Cambridge Complete IELTS 5-6.5, мөн 6.5-7.5 (Хөтөлбөрөөс санал болгосон), мөн IELTS Advantage.com, IELTS Liz.com;
b. Дүрэм, өгүүлбэр зүй: Writing Academic English by Alice Oshima and Ann Hogue, мөн Cambridge Grammar in Use цуврал;
c. IELTS тест, дасгал: Cambridge IELTS Practice Tests 1-16;
d. Унших, сонсох, үзэх нэмэлт материал: theConversation, theGuardian, TEDx /Дээр дурьдсанаас гадна/
Загвар төлөвлөгөө болон эх сурвалжуудыг нийтлэлийн төгсгөл хэсгээс татаж авч болно.
Ахлам 3. Хэрэгжүүлэлт ба гүйцэтгэл
Ямарч сайн төлөвлөгөө гаргасан түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол төлөвлөгөө гаргах нь ач холбогдолгүй билээ. Тиймээс та аль болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлхийг хичээх хэрэгтэй. Эхний хоёр долоо хоног хэрэгжүүлж үзээд төлөвлөгөөндөө холбогдох өөрчлөлт, сайжруулалтуудыг хийх нь зүйтэй. Гол нь өөрчлөлт оруулахдаа заавал тодорхой баримтад тулгуурлан хийхийг хичээгээрэй. Үүний тулд та төлөвлөгөөний гүйцэтгэлээ чадвал тухай бүр, цаашлаад өдөр бүр, эсвэл 7 хоногоор дүгнэж, баримтжуулж яваарай. Жишээ нь IELTS test ажилласан бол хэдэн оноо авсан, яг ямар төрлийн асуултуудад буруу хариулсан гм бүртгэл дата үүсгэвэл тодорхой хугацааны дараа та өөрийн алдааг олж харах, түүнд үндэслэн сайжруулалт хийх боломж бүрддэг. Алдаа гаргаад байгаа шалтгаанаа олж, арилгахгүйгээр олон удаа тест хийх нь үр дүнтэй биш бөгөөд оноо тань ахихгүй!
Нөгөөтэйгүүр энэ шатанд өөрийгөө мотиваци хийх зорилгоор
Vision board ашиглаж болно. Жишээ нь манай курсийнхны нэг нь, Чука шиг санагдаж байна, IELTS-ийн бэлтгэл эхлэх үед ангийнхандаа өөрсдийнх нь нэртэй IELTS-ийн гэрчилгээний загвар хэвлэж, бэлэглэсэн бөгөөд бидний хувьд түүн дээр өөрсдийн хүссэн оноог тэмдэглэж, байнга хардаг газраа наасан юм. Миний хувьд тэр гэрчилгээгээ харах тоолонд яг л тэр оноогоо авчих юм шиг, ойрхон байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан нь сэтгэл зүйд сайнаар нөлөөлж байсаны илэрэл байх. Эргээд бодоход яг л бичсэн оноогоо авсан даа![]()
![]()
.
Зургаа. IELTS Тактик ![]()
Энэ хэсэгт миний бие өөрийн туршлагад үндэслэн Сонсох, Унших, Ярих, Бичих дөрвөн ур чадварын талбар бүрээр товч танилцуулга ба холбогдох зөвлөмжийг бичлээ.
Сонсох чадвар (Listening) ![]()
• Даалгаварын бүтэц, хугацаа: 2 хүний хооронд болж буй өдөр тутмын болон ямар нэг тодорхой газрын талаарх яриа, 4 хүний сургуулийн академик орчин дахь харилцан яриа, багшийн лекц гэсэн 4 хэсэгтэй. 30 минут, IEILTS on paper төрлийн тест дээр хариултаа асуулгын шийтрүү хуулахад зориулж нэмэлт 10 минут өгдөг.
• Түгээмэл гардаг алдаа: 14, 40 гм дугаар, тоог андуурах; байршил, зүг чиг заах хэсэгт будилах; харилцан ярианы төгсгөлд өмнөхөө үгүйсгэсэн эсвэл бататгасан хэсгийг анхаарахгүй байх; нэг асуултанд хариулж чадаагүйгээс дараагийн асуултууд дээрээ стрессдэх; үг нөхөж бичихдээ үг үсгийн алдаа гаргах гм.
• Үндсэн зөвлөмж 1: Сурах бичгээс сонсох хэсэгт ирдэг асуултын төрлүүдийг бүрэн танилцах. Тухайн асуулт бүр дээр баримтлах зөвлөмж өөр өөр байдаг. Жишээ нь сонсох хэсэгт Form completion, Multiple choice, Labeling a map or plan, Pick from a list, Matching, Short-answer questions, Sentence completion, Flow-chart completion, Note completion, Table completion, Labeling diagram гэсэн 11 төрлийн асуултаас ирдэг.
• Үндсэн зөвлөмж 2: IELTS Practice тест хийж ямар төрлийн сонсох хэсэг дээр илүү алдаа гаргаж байгаагаа олох. Алдаандаа анализ хийж үндсэн шалтгааныг олж, арилгах. Жишээ нь бичихдээ үгийн алдаа их гаргаж байгаа бол алдаа гаргаж буй үгс, мөн бичгийн алдаа гаргах магадлалтай IELTS-ийн түгээмэл үгсийг олж, хуулан бичлэг хийх байдлаар алдаагаа засч болно. Миний хувьд мөн ийм алдаа их гаргаж байсан тул багшийнхаа зөвлөмжөөр хуулан бичлэг хийгээд сайжирч байсан.
• Бусад: Чихээ онгойлгох зорилгоор аль болох их сонсох, сонссон гол үгсээ цаасан дээр тэмдэглэх, эргээд гол агуулгыг ярих гм-ээр бусад ур чадваруудтай хослуулж бүтээлч хандах.
Унших чадвар (Reading) ![]()
• Даалгаварын бүтэц, хугацаа: Шинжлэх ухаан, нийгмийн асуудал, байгаль орчин, бизнес гм янз бүрийн сэдэвтэй 3 нийтлэлийг унших ба тус бүр 12-14, нийт 40 асуултад хариулна. 60 минутын хугацаатай.
• Түгээмэл гардаг алдаа: Цагтаа амжихгүй байх, хариулт бичихдээ буруу хэсэгт бичих, мөн үг үсгийн алдаа гаргах, асуултын төрлийг ойлгоогүйгээс буруу хариулт өгөх, дүрэм ба өгүүлбэрийн бүтцийг ойлгоогүйгээс текстийн үндсэн санааг буруу ойлгох, гол түлхүүр үгсийн утгыг мэдэхгүй байх, сандрах гм.
• Үндсэн зөвлөмж 1: Сурах бичгээс IELTS Reading хэсгийн Form completion, Multiple choice, Labeling a map or plan, Pick from a list, Matching, Short-answer questions, Sentence completion, Flow-chart completion, Note completion, Table completion, Labeling diagram зэрэг нийт 11 орчим төрлийн асуултуудтай танилцаж, ялгаа болон тухайн асуултуудад хариулах өөр өөрийн техникийг эзэмших нь чухал. Миний хувьд reading дээр True, False, Not giving төрлийн асуултад нэлээд алддаг байсан. Харин энэ төрлийн асуултад хэрхэн хариулах тухай Golden Compass сургалтын төвийн Doogii Sodnom багшаар заалгасан арга маш их хэрэг болсон.
• Үндсэн зөвлөмж 2: IELTS Practice test ажиллаж яг ямар төрлийн асуултуудад их алдаж байгаа, ямар алдаа их гаргаж байгаагаа тодорхойлох, үндсэн шалтгаанд анализ хийх. Миний хувьд уншлагын хэсэг дээр эхний 2 нийтлэлийг уншаад 3 дахь хэсэгрүүгээ орж чадахгүй цагаа дуусгаад байдаг байсан. Тэгээд эхнэртэйгээ хамт зэрэгцээд хэд хэдэн тест хийж үзээд зөвлөлдсөний эцэст нэг гаргалгаа гаргасан юм. Тэр нь эхний хэсгээ хийж дууссаны дараа шууд 2 дахь хэсэгрүү орохгүйгээр 2 эсвэл 3-н аль хялбар санагдсанаа түрүүлж хийж эхэлсэн. Ингэснээр цагтаа багтаж, оноо маань сайжирсан. Аль хялбар хэсэг гэдэг нь магадгүй танд сэдвийн хувьд танил, эсвэл таны ихэвчлэн алдаа их гаргадаг асуултын төрөл багатай гм байж болох юм.
• Бусад: Өгүүлбэрийн бүтэц, дүрэм, үгсийн сангаа мөн сайжруулах нь уншлагын оноогоо сайжрах бас нэг хүчин зүйл байдаг.
Ярих чадвар (Speaking) ![]()
• Даалгаварын бүтэц, хугацаа: шалгагчид өөрийгөө танилцуулах, өгөгдсөн сэдвээр 1 минут бэлдэж 2 минут тасралтгүй ярих, өгөгдсөн сэдэвтэй холбоотой асуултуудад хариулах гэсэн 3 хэсэгтэй, дунджаар 11-14 минут үргэлжинэ.
• Түгээмэл гардаг алдаа: Сандрах, дүрмийн алдаа, дуудлагын алдаа, холбоос үгийн алдаа, утгын алдаа, сэдвийн дагуух үгийн баялаг дутах, хэт урт эсвэл богино хариулт өгөх гм.
• Үндсэн зөвлөмж 1: Сурах бичгээс IELTS Speaking -ий үндсэн 3 төрөл, мөн төрөл тус бүр дэх асуултуудтай танилцаж, ойлголт авсан байх. People, Place, Experience, Feeling, Habit, Preference, Objects гэх мэтээр тодорхой гол сэдвүүдээр өөрийн урьдчилсан хариулт, үзэл санааг бэлдэх нь ярилцлагын үеэр санаагаа олох гэж сандралгүй хариултуудаа тайван өгөх боломж олгодог.
• Үндсэн зөвлөмж 2: Өөрөө өөртэйгээ speaking хийхэд хүндрэлтэй тул цөөн тооны хамтрагчтай болж шалгалтын горимоор бие биенээсээ асууж, алдааг нь хэлж, урам зориг өгөх нь их хэрэгтэй санагдсан. Миний хувьд ангийнхаа Nyamaa, Eggi, Nasaa нартай жижиг баг болж түгээмэл ирдэг асуултуудаар өдөр бүр 1 цагийн турш шалгалтын горимоор ярилцлага хийж, бие биедээ зөвлөмж өгч байсан. Тэд маань хүссэн оноогоо мөн авч чадсан бөгөөд одоо Авсралид хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа суралцаж байна.
• Бусад: IELTS-р хязгаарлагдахгүй бусад сэдвээр сайн илтгэл, яриа хийж буй хүмүүсийн видео үзэж, анализ хийх нь бас үр дүнтэй байдаг.
Бичих чадвар (Writing) ![]()
• Даалгаварын бүтэц, хугацаа: Task 1 report (150-с доошгүй үгтэй), Task 2 essay (250-с доошгүй үгтэй) бичих гэсэн хоёр хэсэгтэй, нийт 60 минут.
• Түгээмэл гардаг алдаа: Үг сонголтын алдаанаас эхлээд дүрмийн алдаа, өгүүлбэрийн бүтцийн алдаа, тайлан болон эссэний төрлийг таниагүйгээс тайлан, эсвэл эссэ бичихдээ буруу бүтцээр бичих, цагтаа амжихгүй байх гм.
• Үндсэн зөвлөмж 1: Сурах бичгээс Task 1Report болон Task 2 Essay төрлүүдийн ялгаа болон хариултын бүтцийг ойлгож, бүх төрөл дээр нь дасгал ажиллаж, туршлага авсан байх. Жишээ нь: Task 1 Тайлангийн хувьд Line graph, Bar chart, Pie charts, Multiple charts/graphs, Process diagram, Maps гэсэн 7 төрөл, харин Task 2 Эссэний хувьд Opinion, Discussion, Advantage and Disadvantage, Problem solution or Cause solution, 2 part question essay гм 5 орчим төрөлд хуваагддаг. Ямар төрлийн тайлан эсвэл эссэ бичихийг шаардаж байгааг зөв ойлгож, хариулах нь чухал.
• Үндсэн зөвлөмж 2: Дүрэм, өгүүлбэр зүй, холбоос үг зэргээ мөн давхар үзэж сайжруулах нь чухал. Мөн аль болох олон дасгал хийж, бичлэгийн дадлага сайтар хийх.
• Бусад: Өндөр оноо авсан загвар бичвэрүүдэд задлан шинжилгээ хийх нь мөн оновчтой санагдсан. Хувиараа бэлдэж буй хүмүүсийн хувьд мэргэжлийн багшаас бичвэрээ хянуулж, зөвлөмж авах нь чухал.
Долоо. IELTS шалгалтын тухай товчхон – Сонирхогчдод зориулав!
IELTS нь The International English Language Testing System буюу Олон улсын англи хэлний шалгалтын систем гэсэн үгийн товчлол юм. Энэ шалгалт нь англи хэл нь төрөлх хэл нь байдаг Автрали, Шинэ Зеланд, Канад, Их Британи, АНУ зэрэг улс орнуудад суралцах, ажиллах, амьдрах буюу цагаачлахаар зорьж буй хүмүүсийн англи хэлний түвшинг тогтооход ашигладаг. IELTS-аас гадна TOEFL, PTE зэрэг шалгалтууд байдаг ба та өөрийн темпераментад тохирох шалгалтын төрлийг сонгож өгвөл илүү амжилт үзүүлэх магадлалтай. Жишээ нь миний ажиглалтаар аналитик төрлийн хүмүүс IELTS, хурдтай сэргэлэн хүмүүс TOEFL шалгалтыг өгвөл илүү амжилт үзүүлэх магадлалтай.
IELTS шалгалт нь дотороо Academic, General гэсэн хоёр төрөлтэй бөгөөд суралцах төлөвлөгөөтэй бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрүүдэд материал бэлдэж буй хүмүүс Academic IELTS шалгалт өгнө. Түүнчлэн IELTS шалгалт нь IELTS on paper буюу бичгээр, IELTS on computer буюу компьютерт суурилсан гэсэн хоёр төрөлтэй.
Монголд одоогоор албан ёсоор ESP төв IELTS on paper шалгалт, харин Jet Institute болон ШУТИС-ийн Англи хэлний академи IELTS on computer шалгалтыг албан ёсоор авч байгаа. Компьютер дээр хурдтай ажилладаг хүмүүст бол IELTS on computer, гараараа гаргацтай сайн бичдэг хүмүүст бол IELTS on paper дээр байх.
IELTS -ийн шалгалт нь хүний англи хэлээр Сонсох (Listening), Унших (Reading), Бичих (Writing), Ярих (Speaking) гэсэн үндсэн 4 чадварыг тус бүр 1-9 оноогоор дүгнэж, мөн ерөнхий дундаж оноог 1-9 оноогоор үнэлдэг.
Тэтгэлэгт зорьж байгаа ихэнх хүмүүсийн хувьд IELTS-ийн 6.5 – 7.0 оноо авсан байх шаардлага тулгардаг. Тухайлбал, Australia Awards IELTS 6.5 (Австрлийн Засгийн Газрын Тэтгэлэг), Chevening IELTS 6.5 (Их Британий Засгийн Газрын Тэтгэлэг), Fulbright 6.5-7.0 оноо (АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэг) шаарддаг.
Танд хэрэг болох холбоосууд:
IELTS-т бэлтгэх загвар төлөвлөгөө /өөртөө ашиглаж байсан/:
IELTS-т speaking team rules /хамт speaking бэлтгэх багийн гишүүдийн дүрэм/:
IELTS шалгалтын төвүүдийн вэбүүд:
– https://www.ielts.org/for-test-takers/book-a-test?c=mongolia
IELTS сургалтын гол төвүүдийн вэбүүд (миний туршсан):
IELTS Listening хэсгийг сайжруулах эх сурвалж:
– BBC world service (The UK)
– ABC radio (Australia)
– BBC 6-minute English (The UK)
IELTS Vocabulary – Шинэ үгс хадгалах:
– Word Cloud application
IELTS Reading – хэсэгт:
– E2 IELTS (Youtube)
– Guardian
– Theconversation
– bbc.news
Listening + Reading + Vocabulary хэсэгт:
– Netflix
– TEDx
– The Economy Films
– World Economic Forum
– Business Insider
– NASA
– Science news
IELTS ойлголт авах, дүрэм:
– IELTS Advantage.com
– IELTS Liz.com
Speaking (Study IELTS)
– Oxford Online English (Youtube)
– IELTS Liz.com
Миний хувьд Австралийн Засгийн Газар, Австралийн Татвар Төлөгчдийн мөнгөөр суралцаж байгаа тул Australia Awards тэтгэлэгт хөтөлбөр болон түүний үр шимд олж авч буй мэдлэг, туршлагаа бусдад хуваалцаж, нэг ч гэсэн Монгол залуусын ажил, амьдралд өөрчлөлт гаргахыг хүсч буй тул цуврал нийтлэл бичиж байгаа болно.
Өнөөдөр буюу 2 сарын 1-д 2024 оны Australia Awards Тэтгэлэгт хөтөлбөрийн Application буюу цахим өргөдөл хүлээн авах хугацаа нээгдэж байна. Та доорхи холбоосоор орж тэтгэлэгт хөтөлбөртэй танилцаж, материалаа илгээгээрэй!
https://www.australiaawardsmongolia.org/
Танд амжилт хүсье!
Г.Цогтбаатар
Мельбурн хот, Австрали
2023.02.01
Тэмдэглэл No5 /Та өмнөх дугааруудыг мөн доорхи холбоосуудаар уншиж танилцаарай/
Эх сурвалж:
Leave a comment