AUSTRALIA AWARDS – ХАМГИЙН ӨГӨӨМӨР ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

(Нас харгалзахгүйгээр гадаадад суралцахыг хүсэж буй хүн бүрд зориулав❗️) 🇲🇳 ✈️ 🇦🇺 👨‍👩‍👦‍👦 💚 ❤️ 💚

2019 оны 8 сарын 14 өдөр буюу одоогоос бараг 4 жил орчмын өмнө миний бие Австралийн Засгийн Газрын Тэтгэлэгт (Australia Awards) тэнцсэн тухай гайхалтай сайхан мэдээг хүлээн авч байжээ. Энэ мөчийг миний бие олон жил сэтгэлдээ тээж, түүнд чадах чинээгээрээ өрийгөө бэлтгэж байсан билээ. Үнэхээр гоё мөч! 😊😊😊

Хэдийгээр хүн бүр л өндөр хөгжилтэй улс оронд суралцах хүсэл тэмүүлэл байдаг ч ихэнхдээ “Сургалтын төлбөрийг нь би төлж дийлэхгүй …”, эсвэл “би Англи хэл мэдэхгүй …”, “Надад бусдаас ялгарах давуу тал байхгүй …”, “Би арай хөгшдөх байх …” гэх зэрэг өөрийгөө голох, үгүйсгэх сэтгэл зүйн барьераасаа шалтгаалж хүсэл, мөрөөдлөө хэрэгжүүлэлгүй орхих нь бий. Асуудал бодож суухаас илүүтэйгээр мөрөөдлийнхөө төлөө бага багаар хөдөлмөрлөж байгаа хүнд боломж гарцаагүй гарч ирдэг гэж би боддог.

Яг л тийм хүмүүст #AustraliaAwards тэтгэлэгт хөтөлбөр зориулагдсан мэт ❤️❤️❤️.

Энэхүү нийтлэлээрээ миний бие #AustraliaAwards тэтгэлэгт хөтөлбөрийн бусад хөтөлбөрүүдээс ялгарах давуу тал болон энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн хоёр үе шатанд хэрхэн амжилттай бэлтгэх талаар өөрийн туршлагаас хуваалцахыг хичээлээ.

📌 Нэг. AUSTRALIA AWARDS тэтгэлэгт хөтөлбөрийн тухай товчхон

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монголд 1993 оноос хойш хэрэгжиж байгаа ба 📈 600 гаруй хүн хамрагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 600 гаруй хүн өрсөлдөж 10-15 орчим хүн шалгарч байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Хөтөлбөрт өрсөлдөгчдийг Төрийн ба Хувийн гэсэн үндсэн хоёр секторт хувааж өрсөлдүүлэх ба нийт шалгарсан хүмүүсийн 50% нь хувийн, мөн 50% нь төрийн албанаас байх ёстой гэсэн харьцааг баримталдаг байна.

Тус хөтөлбөр нь Хөгжлийн төлөөх Дэлхийн Манлайлагчдын дараа үеийг бэлтгэх зорилгод чиглэдэг ба Австралийн Засгийн Газар, Австралийн Татвар Төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөр юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт нь тэтгэлэг горилогчдын мэргэжлийн болон хувь хүний зан чанарууд, академик ур чадвар, болон хамгийн чухал нь Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боломж зэрэгт нь тулгуурлан хийгддэг.

Тэтгэлэг горилогчид нь дараах чиглэлүүдээр Австралийн их, дээд сургуулиудад суралцах боломжтой байдаг. Үүнд: 😍😍😍

➡️ Хөдөө аж ахуй ба байгаль орчны судалгаа;

➡️ Боловсрол;

➡️ Инженеринг, Уул уурхай ба Барилга;

➡️ Эрүүл мэнд;

➡️ Мэдээлэл харилцаа ба технологи;

➡️ Менежмент, Бизнес ба Худалдаа;

➡️ Нийтийн удирдлага;

➡️ Нийгэм, Соёл, ба Хөгжлийн судалгаа гм.

Тэтгэлэгийн зүгээс дараах зардлуудыг бүрэн хариуцдаг. Үүнд:

💲 Их сургууль суралцах төлбөр

💲 Австралид суурьших нэг удаагийн тусламж

💲 Хоёр талын замын зардал

💲 Амьдрах зардал

💲 Академик бэлтгэл хөтөлбөрийн зардал

💲 Академик орчин суралцах, судалгаа хийх, мэргэжлийн чухал арга хэмжээнүүдэд оролцож туршлага судлахад шаардагдах зарим зардлууд гм.

Дээрх зардлыг дундаж монгол гэр бүл хувиасаа гаргаад өндөр хөгжилтэй орны, дэлхийн түвшний сургуульд суралцах үндсэндээ боломжгүй. Тэхээр Австралийн Засгийн Газрын зүгээс ямар их хөрөнгө оруулалтыг энэ хөтөлбөрт оруулж байгаа нь тодорхой юм.

📌 Хоёр. AUSTRALIA AWARDS – Хамгийн өгөөмөр хөтөлбөр

Australia Awards Тэтгэлгийг миний хувьд хамгийн ӨГӨӨМӨР хөтөлбөр гэж хэлнэ. Учир нь энэ хөтөлбөрт гадаадын улс орны Засгийн газрын санхүүжилттэй өөр ямар ч тэтгэлэгт хөтөлбөрт байдаггүй 3 гол онцлог, давуу тал байдаг. Үүнд:

✅🙏💚 Хэрэв таны Англи хэлний түвшин хөтөлбөрийн шаардлагаас бага бол тэд үнэгүй сургадаг. Энэхүү хөтөлбөрийн Англи хэлний шаардлага нь IELTS 6.5 (унших, бичих, сонсох, ярих талбарууд дээр хамгийн багадаа 6.0 байх) боловч тэтгэлэг горилогч нь тэтгэлэгт материал өгөх үедээ эдгээрээс 0.5 оноогоор бага буюу IELTS 6.0 (унших, бичих, сонсох, ярих талбарууд дээр хамгийн багадаа 5.5 байх) оноотой байж болно. Хэрэв тэтгэлэг горилогч нь application болон ярилцлагын шатуудаа амжилттай давж тэтгэлэгт шалгарвал 3 сар хүртэлх хугацаанд Австрали, Монгол багш нарын хамтарсан IELTS бэлтгэлийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулж, оноогоо нэмж, хөтөлбөрийн шаардлага хангах боломжийг олгодог.

✅👨‍👩‍👦‍👦💚 Гэр бүлээр нь дэмждэг. Тус хөтөлбөрийн хувьд дараагийн томоохон давуу тал бол хөтөлбөрт тэнцсэн хүмүүсээ гэр бүлээрээ Австралид очиж сурч, ажиллаж, амьдрах боломжийг олгодог. Ялангуяа 30-аас дээш насны Монгол залуусын хувьд ихэвчлэн гэр бүлтэй, 1-2 хүүхэдтэй байх нь түгээмэл. Тэднийгээ орхиод 2 жил гадаадад сурна гэдэг үнэндээ хүнд асуудал. Харин та энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт нэгэнт хамрагдсан бол хөтөлбөрийн зүгээс таны гэр бүлийн виз мэдүүлэгт дэмжлэг үзүүлнэ, мөн гэр бүлээрээ Австралид шилжин суурьшихад зориулж тодорхой мөнгөн тэтгэмж өгнө, цаашлаад хүүхдүүд тань Австралийн бага, дунд, ахлах сургуулиудад үнэ төлбөргүй сурна, түүнчлэн эхнэр, эсвэл нөхөрт тань 7 хоногийн 20-40 цаг ажиллах эрх олгогдоно. Энэ бол үнэхээр гайхалтай боломж юм. Тэтгэлгээр дамжуулж зөвхөн та биш таны гэр бүл мөн гадаадад сурч, ажиллах боломж бүрддэг.

✅🙏💚 Академик хөтөлбөрт хамруулдаг. Түүнчлэн тэтгэлэгт шалгарсан хүмүүсийг Австрали явахаас өмнө дунджаар 3 сарын хугацаанд Академик Англи хэлний хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ хөтөлбөр нь Дэлхийн түвшний их сургуулиудын академик орчин Англи хэл дээр амжилттай суралцахад үнэхээр хэрэгтэй хөтөлбөр байдаг. Ялангуяа академик боловсролоо Монголд эзэмшсэн суралцагчдын хувьд энэ хөтөлбөрөөр дамжуулж олон төрлийн ур чадварыг эзэмшдэг.

📌 Гурав. ӨРГӨДӨЛ (APPLICATION) шат

Ерөнхийдөө тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь ⛳️ ӨРГӨДӨЛ (APPLICATION), ⛳️ ЯРИЛЦЛАГА (INTERVIEW) гэсэн үндсэн хоёр шаттайгаар явагддаг.

Эхний шат болох АPPLICATION-ий шат нь Жил бүрийн 2 сарын 1-ээс 5 сарын 1-ий хооронд явагддаг бөгөөд. Энэ шатанд тэтгэлэг горилогчид дараах баримт бичгүүдийг бүрдүүлж дээрх хугацаанд онлайнаар илгээдэг ( 👉https://oasis.dfat.gov.au/ ).

1. Эссэ (Statement of purpose)

2. Академик тодорхойлолт (Academic Referee Report);

3. Ажил эрхлэлтийн тодорхойлолт (Employment Referee Report);

4. Монголд буцаж ирсний дараа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (Reintegration plan, энэ нэршил өөрчлөгдсөн);

5. Танилцуулга (CV);

6. Ажлын тодорхойлолт (Statement of Employment);

7. IELTS, iBT-TOEFL эсвэл PTE гэрчилгээ;

8. Сүүлийн 2 жил нийгмийн даатгал төлсөн баримт;

9. Их сургуулийн диплом, дүнгийн нотариатаар батлуулсан хуулбар;

10. Иргэний үнэмлэх, Төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар.

Энэ шатанд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

✅ Application-аа аль болох эрт илгээх. Миний туршлагаар бол ихдээ л 4 сарын 25-ны дотор илгээхийг хичээх хэрэгтэй. Учир нь та нийт материалаа 👉https://oasis.dfat.gov.au/ системээр онлайнаар илгээдэг тул эцсийн өдөр, цагтай нь уралдаж материалаа илгээхээр төлөвлөвөл таны материал илгээгдэхгүй байх өндөр магадлалтай. Учир нь сүүлийн өдрүүдэд нь энэхүү системд маш олон хүн ханддаг тул өндөр ачаалал үүсэж гацах асуудал гардаг. Миний хувьд өмнөх жил нь яг ийм шалтгаанаар материалаа бэлдсэн байсан боловч илгээж чадаагүй, гашуун туршлага авсан тул дараа жил нь буюу 2019 онд deadline-с 5 хоногийн өмнө илгээж байсан.

✅ Үндсэн материал хоорондын агуулга, логикийн уялдаа холбоог сайн анхаарч, нягт, нямбай боловсруулах хэрэгтэй. Үндсэн материал гэдэг нь дээрх жагсаалтаас 1-ээс 6-р материалуудыг хэлж байна. Хоорондоо уялдаа, холбоо сул, он дараалал зөрүүтэй, таны бодит туршлага, сониуч зан, харьцуулалт, судалгаанд суурилаагүй материалууд амжилт олохгүй байх магадлалтайг тооцох нь зүйтэй. Тухайлбал, та эссэн дээрээ хэрхэн сургууль ба курсээ сонгосон, энэ нь таны өмнө, одоо, ирээдүйн карьертай хэрэн уялдах тухай асуултад хариулах хэрэгтэй болно. Энэ үед та зөвхөн өөрийн үзэл бодлоор шууд хариулт өгөхөөс илүүтэйгээр бусад боломжит сургууль, курсүүдтай харьцуулж судалсан талаараа дурдах нь зүйтэй юм. Энэ нь цаашид та application дээрээ тэнцвэл ярилцлагын үед ч бас хэрэг болно.

✅ Бусдаас хамааралтай материалууд эрт бэлдэх. Академик тодорхойлолт, Ажил олгогчийн тодорхойлолт, IELTS гэрчилгээ зэрэг бусдаас ихээхэн хамааралтай материалуудыг нэлээд хэдэн сарын өмнөөс холбогдох хүмүүстэй холбоо тогтоож, бэлтгэсэн байх нь зүйтэй байдаг. Ялангуяа хэрэв та их сургуулиа төгсөөд удсан, багш нартайгаа холбоо харилцаа бага байдаг бол тэднээс тодорхойлолт авахад багагүй цаг хугацаа, хүчин чармайлт шаардана. Түүнчлэн IELTS ба бусад шалгалтуудын хувьд шалгалт өгөх хуваариа бараг жилийн өмнөөс тооцож, захиалахгүй бол шалгалт өгөх гээд суудал олдохгүй байх эрсдэлтэй.

✅ Жижиг гэлтгүй бусад материалуудаа эрт бэлдсэн байх. Яг цаг тулсан үед Нийгмийн даатгал, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг бусад материалаа хувилж, нотариат хийлгэж, сканердаж оруулахад хүртэл багагүй цаг шаардагддаг болохыг мартаж болохгүй.

📌 Дөрөв. ЯРИЛЦЛАГА (INTERVIEW) шат

Application-ий шатанд шалгарсан тэтгэлэг горилогч нартай ЯРИЛЦЛАГА хийж сонгодог. Энэ үе шат нь дунджаар жил бүрийн 6-7 сард зохион байгуулагддаг. Миний хувьд 1-р шатанд шалгарсан тул ярилцлагад урьсан тухай мэдэгдэл 2019.06.03-д хүлээн авсан ба үүнээс 10 хоногийн дараа буюу 06 сарын 13-д ярилцлагадаа орж байсан 🙏🙏🙏

👉 1. Ярилцлагын өмнө:

✅ Боломжит асуулт, хариулт бэлтгэх: Ярилцлагын урилга хүлээн авсан бол ярилцлагад ирж болох асуултуудыг урьдчилан судалж, өөрийн боломжит хариултуудыг бэлтгэх нь зүйтэй. Мэдээж автоматаар цээжилж болохгүй шүү дээ. Энэ нь таны хувьд урьдчилан төсөөлөөгүй асуулт ирж, ярилцлагын үеэр паникдах, сандрахаас сэргийлнэ. Ерөнхийдөө асуултууд бол таны аппликэйнд дээр бичсэн зүйлсийг тойрч ирнэ гэж бодох хэрэгтэй. Ерөнхийдөө ярилцлагад дараах хэлбэрийн асуултууд ирж байсан (заримыг мартсан байна 😊 ) :

o Та яагаад энэ хөтөлбөрийг сонгосон бэ? Яагаад заавал Australia Awards Хөтөлбөр гэж? Өөр бусад хөтөлбөртэй харьцуулж үзсэн үү?

o Та сургууль болон мэргэжлээ хэрхэн сонгов? Яагаад заавал энэ сургууль, энэ мэргэжил гэж?

o Таны одоогийн, өмнө, мөн цаашид хийх ажилтай таны сонгосон мэргэжил хэрхэн уялдаж байгаа вэ?

o Та Австралид байх хугацаагаа хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

o Та Австралид сурж ирсний дараа Монгол улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байна?

✅ Англи дээр ярилцлагад орох дадлага хийх: Ярилцлага нь Англи хэл дээр явагдах тул хэрэв та өдөр тутмынхаа ажил, амьдралд Англи хэлийг ашигладаггүй бол Англи хэл гадарлах хэн нэгэнтэй урьдчилж дадлага хийх нь чухал. Миний хувьд азаар эхнэр маань маш сайн Англи хэлтэй тул цаг гаргаж 2-3 удаа зохиомол орчин бүрдүүлж, ярилцлага хийж, зөвлөмж авч байсан. Түүнчлэн native speaker-үүд ярилцлагад мөн оролцдог тул зөвхөн монгол хүн биш, уугуул англи хэлтэй хүнтэй 1-ээс доошгүй удаа ярилцаж чихээ онгойлгох нь чухал. Миний хувьд Talk Talk English сургалтын төв дээр 2 цагийн ганцаарчилсан цаг авч, Native англи хэлтэй багштай ярилцлага хийж, зөвлөмж авч байсан ба их үр дүнтэй санагдсан.

✅ Хувийн зохион байгуулалтаа анхаарах: Ярилцлагын цаг барих, өөрт тохиромжтой гэхдээ аль болох ажил хэрэгч хувцаслах. Түүнчлэн ярилцлагаас өмнөх орой сайтар унтаж амрах, гадуур гаралгүй гэртээ байж тохиромжтой хооллох гэх зэргээр ярилцлагын өдөр болзошгүй эрсдэлийг бууруулах нь зүйтэй.

👉 2. Ярилцлагын үеэр:

✅ Ярилцлага дунджаар 30 минут үргэлжилнэ. Та ярилцлагаас 15 минутын өмнө ирсэн байх ёстой.

✅ Ярилцлага авах багт дунджаар 5 хүн байдаг. Үүнд Австрали болон Монголын Засгийн газрын төлөөлөл, Австралийн Их Дээд сургууль буюу академик талын төлөөлөл, болон бусад зэрэг болно.

✅ Ярилцлагын үеэр аль болох эерэг, өөртөө итгэлтэй байх нь зүйтэй. Асуултуудыг сайн сонсож /шаардлагатай бол тэмдэглэл хөтлөх/, цэгцтэй, логиктой, тодорхой хариулт өгөхийг хичээ. Ярилцлага авч байгаа хүмүүсийг таныг дэмжихээр ирсэн гэж төсөөл.

📌 Тав. IELTS оноо ба Хөтөлбөрийн бусад шаардлагыг хангах шат

Та ярилцлагын шатыг амжилттай даван гарсан бол үндсэндээ хөтөлбөрт ТЭНЦЛЭЭ гэсэн үг 😍😍😍. Энэ шатанд танд Австралийн Засгийн Газраас CONDITIONAL OFFER буюу цаашид та Австрали явахаас өмнө IELTS оноо ба Их дээд сургуулийн сонгосон курс, VISA-ий бусад шаардлагыг мөн хангах ёстой гэсэн нөхцөлтэйгөөр тэнцсэн гэсэн албан ёсны захиаг өгдөг. Миний хувьд энэ захиаг ярилцлагад орсноосоо хойш бараг 2 сарын дараа буюу 2019.08.14-д хүлээн авч байсан 🙏🙏🙏.

Хэрэв таны IELTS -ийн оноо аль хэдийн хөтөлбөрийн шаардлага хангасан, мөн та application дээрээ сонгосон их сургуулиуддаа тэнцсэн, цаашлаад визний бусад шаардлагыг хангаж байгаа бол тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оныхоо IX сарын дундаас XII сарын дунд хүртэлх хугацаанд Монголд Академик Англи хэлний бэлтгэлд сурах ба дараа оны 1-2 сар гэхэд Австралид очсон байна.

Харин IELTS онооны шаардлага хараахан хангаагүй бол мөн дээрх хугацаанд IELTS -ийн сургалтад хамрагдах ба дараа оны 1-2 сарын дотор шалгалт өгч хөтөлбөрийн болон сонгосон сургуулиасаа тавигдаж буй IELTS онооны шаардлагыг хангах ёстой. Хэрэв энэ хугацаанд оноогоо авч чадахгүй бол та тэтгэлэг авч чадахгүй болох юм. Гэхдээ бүтэн 3 сарын хугацаа бол өөрийгөө дайчилсан нэгэнд оноогоо ахиулж, хүссэн оноогоо авч болох хугацаа гэж санагдсан. (IELTS-т бэлтгэх тухай дараагийн нийтлэлүүдээрээ туршлагаа хуваалцах болно) Хэрэв та энэ хугацаанд оноогоо авч, сургууль ба визний шаардлагаа хангасан бол дараа оны 5-6 сарын үед Австралид очно доо.

Танд хэрэг болох холбоосууд:

👉 Australia Awards Moнгол хөтөлбөрийн вэб сайт:

https://www.australiaawardsmongolia.org

👉 Australia Awards Moнгол хөтөлбөрт хэрхэн тэнцсэн талаарх миний ярилцлагыг үзэх:

https://www.facebook.com/Australiaawardsmongolia/videos/1050225748686930

👉 Australia Awards -д application илгээх холбоос:

https://oasis.dfat.gov.au

👉 Australia Awards -д ярилцлагад бэлтгэх зөвлөмжүүд:

https://bit.ly/3QUuSku

Миний хувьд Австралийн Засгийн Газар, Австралийн Татвар Төлөгчдийн мөнгөөр суралцах байгаа тул Australia Awards тэтгэлэгт хөтөлбөр болон түүний үр шимд олж авч буй мэдлэг, туршлагаа бусдад хуваалцаж, нэг ч гэсэн монгол залуусын ажил, амьдралд өөрчлөлт гаргахыг хүсч буй тул цуврал нийтлэл бичиж байгаа болно.

Та энэхүү нийтлэлээр хязгаарлагдахгүйгээр дээрх албан ёсны вэб сайтаар хөтөлбөрийн шаардлага, бүрдүүлэх материал зэрэгтэй холбоотой албан ёсны мэдээллийг ашиглахыг зөвлөж байна.

Танд амжилт хүсье!

Г.Цогтбаатар

Мельбурн хот, Австрали

2023.01.21

Тэмдэглэл No4

Эх сурвалж:

https://tsogtbaatar.wordpress.com

https://www.facebook.com/tsogtbaatarg

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑