Австралийн МЕЛЬБУРН ба УЛААНБААТАР-н харьцуулалт: Дэлхийн стандартад хэзээ, яаж хүрэх вэ?  

Миний хувьд Австралийн Мельбурнд ирээд 6 сар гаруй болж байна. Мельбурны их сургуулийг сонгож суралцах болсон нэг шалтгаан маань Мельбурн хот байсан юм. Учир агаарын бохирдол, түгжрэл, авлига, нийгмийн стресс зэрэг олон арван тулгамдсан асуудал бүхий Улаанбаатар хотод амьдардаг хүний хувьд Дэлхийн амьдрахад таатай шилдэг 10 хотын нэгт амьдарч, суралцахаас гадна туршлага судлах сонирхол байсан билээ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ тус хотод сууршихад илт мэдрэгдэж буй 5 давуу талыг Улаанбаатар хоттой харьцуулж тайлбарлахыг зорьлоо.  

Юуны өмнө Мельбурн хотын талаар товч мэдээлэл өгье. Тус хот нь Улаанбаатараас хүн амын тоогоороо 3 дахин их буюу 5 сая гаруй хүн оршин суудаг Автралийн хамгийн их хүн амтай хоёрдахь том хот юм. Сонирхолтой нэг зүйл нь энэхүү хотын иргэдийн 40 орчим хувь нь Австралиас бусад оронд төрсөн хүмүүс бөгөөд Дэлхийн 200 гаруй үндэстний төлөөлөл энд байдаг гэсэн судалгаа бий. 2022 оны Глобал санхүүгийн төв индекс (Global Financial Centre Index) үзүүлэлтээр Дэлхий санхүүгийн гол 30 төвүүдийн нэгт багтсан байдаг бөгөөд санхүү, үйлдвэрлэл, судалгаа, боловсрол, логистик, аялал жуулчлал зэрэг олон салбар зэрэгцэн хөгжиж, Дэлхийн шилдэг олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. ДНБ-ий хэмжээ нь манай улсын ДНБ-ээс бараг 40 дахин их хэмжээтэй.     

Мэдээж олон зүйлс энд бичиж болох ч миний хувьд дараах 5 зүйлийг харьцуулж бичлээ.

  1. Орон сууц болон хаус хорооллын тэнцвэртэй хөгжил

Улаанбаатар хотын хувьд ихэх иргэд нь гэр хороололд амьдардагтай адил Мельбурнд ихэнх иргэд нь хаус хороололд амьдардаг. Мельбурн хотын хувьд иргэдийг орон сууцжуулахдаа европ, америк, барууны маягаар ХАУС төлөвлөлтөөр шийдсэн байна. Хотын аль ч хороололд очсон цэгцтэй, цэвэрхэн төлөвлөлттэй, амьдрах орчны чанарын стандарт ижил байдаг. Харин Улаанбаатарын хувьд apartment буюу НИЙТИЙН ОРОН СУУЦ-аар шийдэж, гэр хорооллын газар чөлөөлөх төслүүд хэрэгжиж байгааг бид мэднэ. ХАУС төлөвлөлтийн гол давуу тал нь төвлөрлийг бууруулж байгаа тул замын түгжрэлгүй байх боломжийг олгожээ. Харин манайд түгжрэл хаана үүсдэг билээ? Мэдээж хотын төв, нийтийн орон сууцны хорооллууд. Тэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол шийдэл бол магадгүй ГЭР ХОРООЛОЛ-ыг НИЙТИЙН ОРОН СУУЦ-д шилжүүлэх бус барууны маягын ХАУС хоороолол маягаар хөгжүүлэх, дэд бүтэц хөрөнгө оруулах бодлого байж болох юм.

  • Олон нийтэд зориулсан парк, хүүхдийн тоглоомийн газар, ногоон байгууламжууд

Манайх Мельбурнд ирээд 6 сарын дотор 2 өөр байршилд амьдарч үзлээ. Аль ч байршилд амьдарсан гэрээс холгүй олон нийтэд зориулсан ногоон парк, хүүхдийн тоглоомын газар заавал байдаг. Тиймээс энд хүмүүс хүссэн үедээ ирж салхилах, амрах, хүүхдээ тоглуулах, спортоор хичээллэх зэрэг бүх боломж бий. Ийм парк бүр нэг стандарттай. Энд хүүхдийн тоглоом, цэвэр ус, маш шарах төхөөрөмж, бие засах газар, саравч зэрэг зүйлс заавал байдаг. Харин Улаанбаатарт ямар байдаг билээ? Албан ёсны газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байх? Богд-уулын дугуй цагаан? Туул голын хөвөө? Гм тун цөөн, хүрэлцээгүй шүү дээ. Ногоон паркын хүрээмжийг нэмэх нь иргэд эрүүл зөв амьдралын хэв маягтай болох, сэтгэл санаа болоод бие мах бодийн алжаал тайлж, тэр хэрээр нийгмийн стресс бухимдал бага байхад нөлөөлдөг болов уу. Тиймээс Улаабаатар хотын хувьд хороо бүрт чаддаггүй юм гэхэд дүүрэг бүрт энэ ногоон байгууламж, паркыг нэг стандартаар байгуулах нь зөв байх.

  • Нийтийн тээвэр, явган хүн, дугуйн зам ба авто замын зохистой харьцаа

Мельбурн хотын дараагийн давуу тал бол яах аргагүй зам, дэд бүтэц, тээврийн зохистой төлөвлөлт байна. Хотын төв орохоор бол заавал хувийн машинтай орох шаардлага алга. Вагон, трам, эсвэл автобусаар явж болж байна. Хувийн унаагаар хотын төв орвол автомашины зогсоолын төлбөр өндөр, мөн цагийн хязгаарлалттай тул хүндрэлтэй байдаг. Жишээ нь би ажлын өдрүүдэд ажлын цагаар сургуулийнхаа гадаа машинаа зогсоолд тавьж болох ч дээд тал нь байршлаасаа хамаараад нэг зогсоол дээр 2-4 цаг л тавих боломжтой ба 1 цагийн төлбөр нь AUD 2-4 буюу 4600-9200 төгрөг байдаг. Тиймээс хотын төвд олон өдөр, цагаар ажилладаг хүмүүс бол ихэвчлэн Myki карт (өдөр, 7 хоног, сар, жилээр төлөөд бүх төрлийн нийтийн тээвэрт ашигладаг карт) авч нийтийн тээврээр үйлчлүүлэх нь хямд, амар байдаг. Мэдээж хотын төв, зах аль ч хэсэгт явган хүн болон дугуйн зам сайтай тул хүмүүс ажил, сургуульдаа явган эсвэл дугуйгаар мөн явах боломж сайн. Харин Улаанбаатарын хувьд нийтийн тээврийн хүрэлцээ, чанар муу, түүнчлэн явган хүн, дугуйн замд хөрөнгө оруулалт бага хийдэг ба ихэвчлэн автомашинтай хүмүүст зориулсан мэт санагддаг шүү дээ. Тиймээс энэ чиглэлд хийх ажил Улаанбаатарт маш их бий.

  • Өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг бүрдүүлсэн, хүн төвтэй төлөвлөлт

Мельбурн хотын аль ч хэсэгт явсан тэргэнцэртэй хүмүүс, түших тэрэгтэй ахмадууд харгалзах хүнгүйгээр бие даан чөлөөтэй зорчиж, сургууль боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний газруудад чөлөөтэй нэвтэрч, үйлчилгээ авч байгаа харагддаг. Энд иргэн хүн хөгжлийн бэрхшээл, нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн байдлаасаа үл хамаарч ижил тэгш, чанартай үйлчилгээ авах боломж ерөнхийдөө бүрдсэн ба үүнийг бүрдүүлэх нь энэхүү хүн төвтэй нийгмийн үндсэн философи нь юм болов уу гэж бодогддог. Харин Улаанбаатар хотод маань ийм боломж хэр байдаг билээ?

  • Сургууль, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар

Энд аль ч төрлийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар сайн гэж хэлмээр байна. Ялангуяа Мельбурн хот бол боловсролын хот гэж нэрлэгддэг ба энд Дэлхийд тэргүүлэх их сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж, боловсролын экспорт хийж байна (Энэ талаар дараа тусгай нийтлэл бичнэ ээ). Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиудын хүртээмж сайн. Манай хоёр хүү энд бага сургуульд явдаг. Австралид хүүхдүүдэд гэрийн даалгавар өгдөггүй тул тэд ядрах, сургуулиас халшрах нь бага, мөн сургуульдаа дуртай байдаг. Харин Улаанбаатарын хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанарын асуудал бол бидний эмзэг, хурц сэдвүүдийн нэг шүү дээ. Улсын сургуульд хүүхдүүд 3 ээлжээр хичээллэж, нэг багшид ногдох хүүхдийн тоо стандарт хэмжээнээс хэтэрсэн, бага цагаар хичээллээд тардаг тул сургууль агуулгаа үзэж барахгүй хүүхдэд их хэмжээний гэрийн даалгавар өгдөг гм.

Дээрх бүгдээс харахад Мельбурн лугаа хөгжих, сайжрахад Улаанбаатар хотын маань хувьд олон сайжруулалтыг хийх шаардлагатай байна. Эдгээр сайжруулалтыг хийхэд бидний мэдлэг, туршлага, төсөв бүрэн хүрэлцээтэй бөгөөд гол нь авлигагүй шударга, зөв засаглал байхад л хангалттай билээ.

/Үргэлжлэл бий/

Г.Цогтбаатар

Мельбурн хот, Австрали

2022.12.21

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑