Сүүлийн жилүүдэд байгууллагуудын хувьд менежер буюу удирдах түвшний ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх, байгууллагынхаа менежментийг сайжруулах чиглэлд багагүй хөрөнгө зарцуулах болж. Энэ нь маш сайн хэрэг боловч үр дүнг нь анхаарахгүй бол тэдгээр нь байгууллага талдаа нөөц үр дүнгүй зарцуулагдах, тэдгээрт хамрагдсан ажилтан талдаа залхаан цээрлүүлэх хэрэгсэл болж хувирах тал бий.
Үүнээс сэргийлэхийн тулд тэдгээр төслийн төлөвлөлтийн үйл явц дээр дараах 3 зүйлийг анхаарах нь чухал байна. Үүнд:
- Сургалт, зөвлөгөөний төслийн төлөвлөгөөг үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй заавал уялдуулах. Байгууллагуудад түгээмэл гардаг асуудлуудын нэг нь нэгж хоорондын ажлын уялдаа холбоо юм. Тухайлбал энэ нь уялдаагүй төлөвлөлтөөр илэрдэг. Жишээ нь техникийн алба 1-р сард хөдөө орон нутагт төсөл эхлүүлэх төлөвлөгөө гаргасан байхад хүний нөөцийн алба 1-р сард инженерүүдийг нь “А” сургалтанд хамруулах төлөвлөгөө гаргачихдаг. Энэ тохиолдолд ихэнхдээ сургалт хийгддэгээрээ хийгдэх боловч сургалтын ирц, хамралтын % маш бага байх нь ойлгомжтой.
- Сургалт, зөвлөгөөний төслүүдийг давхардуулахгүй байх. Ялангуяа хурдтай хөгжих, өөрчлөгдөх, сайжрах хүсэл эрмэлзлэл нь сайшаалтай ч зарим байгууллагууд нэг дор хэд хэдэн сайжруулалтын төслийг хугацаа давхардуулан төлөвлөх асуудал ажиглагддаг. Тухайлбал өмнө нь миний зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн томоохон компани дээр менежментийн багийн 1 гишүүн нэг цаг хугацаанд дунджаар 3-4 сургалт, зөвлөгөөний төсөлд хамрагдсан тохиолдол гарч байсан. Үдээс өмнө ISO төсөл, үдээс хойш хүний нөөцийн сургалт, маргааш өглөө нь стратегийн воркшоп, үдээс хойш нь ERP төсөл гэх мэт. Энэ давхардсан олон төслүүдэд нь ихэнх ажилтны хувьд цагийн нөөцөө удирдаж, үр дүн гаргах бараг л боломжгүй.
- Сургалт, зөвлөгөөний төсөл хоорондын уялдаа холбоог хангах. Сургалт, зөвлөх үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэх дараалал болон тэдгээрийн уялдаа холбоог тогтоох нь их чухал. Ялангуяа захирлуудын хувьд сайжруулалтын ажлаа Юунаас эхлэх вэ? дараа нь юу хийх вэ? яагаад? гэдэгт тодорхой хариулттай болох хэрэгтэй. Жишээ нь Стратеги нь тодорхойгүй байгууллагад ISO төсөл хэрэгжүүлэх, магадгүй Стратеги ба Үйл ажиллагаа аль аль нь тодорхойгүй байгууллагад ERP нэвтрүүлэх үр дүнтэй биш байж болно. Уялдаагүй ажлууд нь төслийн баг, түүнд оролцож буй ажилтнуудын идэвхи, санаачлагыг бууруулах, цаашлаад төсөл хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхгүй байх эрсдэлтэй.
Амжилт хүсье!
Г.Цогтбаатар
2022.12.01

Leave a comment