Жинхэнэ “ДАРГА” яаж ажилладаг вэ?

2011 онд анх гарч байсан Moneyball киног үзээгүй хүмүүс бараг байхгүй байх. Энэ кино нь Дэлхийн томоохон бизнесийн сургуулиудын удирдлагын ур чадварын хичээлд одоо ч кэйс болсоор байна.

Энэхүү кино нь 2000 -аад оны үеийн бодит түүхэнд үндэслэн бүтээгдсэн бөгөөд Окландын нэгэн жижиг бейсболын багийн ерөнхий менежер Билли Бин (Billy Beane) удирдлагын шийдвэрээ эрс өөрчилснөөр хэрхэн баян клубүүдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд Америкийн бейсболын түүхэнд Хамгийн бага зардлаар Хамгийн олон дараалласан хожил (20 хожил) авсан тухай өгүүлдэг.

Тухайн үед зөвхөн баян, том багууд л тэдэнд ялалтыг авч ирэх магадлалтай хамгийн шилдэг тоглогчдыг худалдан авч багтаа нэгтгэж чаддаг байлаа. Ядуу, жижиг багуудад энэ нь боломжгүй зүйл байсан юм. Дараагийн улирлын тоглолт эхлэхээс өмнө баг бүр шинэ тоглогч худалдан авах, одоо байгаа тоглогчдоо зарах, солилцох байдлаар багаа бүрдүүлэх байв. Ихэнх багуудын баг бүрдүүлэх шийдвэр гаргалт болон дасгалжуулах үйл явц нь экспертүүдийн хэлэлцүүлэг, туршлага, таамаглал, бүр зөн совинд тулгуурладаг байж. Харин Билли Бин энэхүү уламжлалт аргаас эрс татгалзаж тоглогчдын тоглолтын үеэрх зан үйлийн эмпирик өгөгдөлд суурилсан тоон шинжилгээ, статистикт суурилсан sabermetric аргыг өөрийн шинэхэн туслах Yale-ийн их сургуулийн төгсөгч Питер Брэнд (жинхэнэ нэр Paul DePodesta)-ийн тусламжтайгаар баг бүрдүүлэлт, дасгалжуулалтын үйл явцад амжилттай нэвтрүүлж чаджээ.

Энэхүү түүх болон киноноос удирдлагын шийдвэр гаргалттай холбоодтой маш олон алдаа, сургамжийг харах боломжтой бөгөөд миний хувьд зөвхөн дараах хоёр алдаа ба сургамжийг бичлээ. Үүнд:

📌 АЛДАА 1: ДАРГА ХАМГИЙН УХААНТАЙ НЬ

Дундаж, тааруухан менежерүүдийн түгээмэл гаргадаг алдаануудын нэг бол өөрөөсөө илүү мэдлэг, туршлага, ур чадвартай хүнийг ажилд авахаас айдаг эсвэл багаасаа шахан гаргах хандлагатай байдаг. Баг дотроо, байгууллагадаа дотроо хамгийн хамгийн ухаантай нь байхыг хүсдэг. Гэтэл хамгийн шилдэг менежерүүд бол өөрөөсөө илүү ухаантай, мэдлэгтэй хүмүүсийг ажилд авч, хөлсөлж тэднийг сонсдог бөгөөд “Never Be the Smartest Person in the Room” зарчмыг мөрддөг. Энэ нь тус кинон дээр Билли Бин клубийн удирдлагын баг дотроо хамгийн ухаантай дүрд тоглохын оронд Yale-н шинэхэн төгсөгч Питер Брэндийг ажилд авч, түүний бодит факт, судалгаа, тооцоололд үндэслэсэн зөвлөгөөг сонсож, шийдвэр гаргаж буйгаар илэрнэ.

📌 АЛДАА 2: БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ

Бизнес, нийгэм улс төрийн аливаа хэлбэрийн байгууллагуудын шийдвэр гаргалтад хурал, семинар, хэлэлцүүлгийг түгээмэл ашиглах хандлага байдаг. Энэ нь шинэ санаа гаргах, шийдлийн талаарх бусдын үзэл бодлыг сонсох зэрэг тодорхой нөхцөлд тохиромжтой байж болох ч Асуудлын хамгийн оновчтой шийдлийг олох арга биш юм. Шийдвэр гаргалт нь удирдлага ба сонирхогч талуудын субъектив үзэл бодолд гэхээс илүүтэйгээр асуудалд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан үр дагаврын талаарх бодит факт, шинжээчдийн нарийн тооцоололд суурилах учиртай. Монгол дахь улс төр, бизнесийн хямралын нэг шалтгаан нь дарга нар өөрийн амбиц, хувийн үзэл бодол, сошиал медиаг түлхүү анхаарч, судлаач, шинжээчдийн тооцоолол, зөвлөмжийг орхигдуулж буйтай холбоотой. Энэ нь тус кинон дээр бейсболын клубт шинэ тоглогч авах, дасгалжуулах үйл явц нь тоглогчдын өнгөрсөн хугацаан дахь алдаа, онооны бодит тоон өгөгдөл, статистик тулгуурлахаас илүүтэйгээр энэ талаарх экспертүүдийн үзэл бодол, итгэл үнэмшил, туршлагад найддаг уламжлалт арга барилыг Билли Бин хэрхэн хурцаар шүүмжилж, няцааж буйгаар тодорхой харуулдаг.

Жич: Сүүлийн үед ДАРГА, ШИНЖЭЭЧ-н байр солигдоод байх шиг …

2022.10.19

Meльбурн хот

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑