ЕРӨНХИЙЛӨГЧ АЖИЛД АВНА

Аливаа байгууллагын хувьд ЭРХЭМ ЗОРИЛГО-оо биелүүлэхэд нь өндөр хувь нэмэр оруулж чадах Мэдлэг, ур чадвартай, ҮНЭТ ЗҮЙЛС-т нь нийцсэн Зан хандлагатай ажилтныг шалгаруулж, ажилд авах нь тэдний ИРЭЭДҮЙН АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР хүчин зүйл байдаг.

Монголчууд бидний хувьд тун удахгүй Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ нь ардчилсан нийгмийн, ардчилсан үзэл баримтлалтай иргэд бидний хувьд ЕРӨНХИЙЛӨГЧ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВАХ-тай ижил зүйл билээ. Тиймээс бид Ерөнхийлөгчөөр “ЯМАР АЖИЛ” хийлгэдэг вэ? Тухайн ажлыг сайн хийхэд “ЯМАР МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ТУРШЛАГА” шаардлагатай вэ? гэдэг талаар тодорхой хэмжээний ойлголттой байх ёстой. Энэ талаар ойлголтгүй бол “БУРУУ СОНГОЛТ” хийх магадлалтай ба үр дүнд нь БИД ЗОРИЛГО-доо хүрч чадахгүй нь тодорхой!

📌 Ерөнхийлөгч ямар ажил хийх вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой 14 заалт байна. Тэдгээрийг утга агуулгаар нь дараах 4 бүлэгт ангилж болох юм. Үүнд:

✅ Олон улсын харилцааг хөгжүүлэх /28.6%, 4 заалт/

✅ Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах /28.6%, 4 заалт/

✅ Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалд хяналт тавих замаар Шударга ёсыг хангах /21.4%, 3 заалт/

✅ Бусад /21.4%, 3 заалт/ Тэхээр бид 1-3 дахь ажлыг бусдаасаа илүү сайн хийж чадах хүнийг ЕРӨНХИЙЛӨГЧ-өөр ажилд авах хэрэгтэй байх нь. Та бүхэн тэдгээр 14 заалттай нарийн уншиж, танилцаарай!

📌 Ерөнхийлөгчид ямар шаардлага тавьж болох вэ?

Миний бие дээрх 3 ажлыг хийхэд Мэдлэг, Хандлага, Туршлагын дараах 5 шаардлагыг ирээдүйн ЕРӨНХИЙЛӨГЧ маань хангаж байх ёстой гэж үзэж байна. Та бүхэн мөн өөрийн хувилбарыг гаргаж болно.

✅ Олон улсын харилцааг хөгжүүлэх хүрээнд:

1. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэг, ур чадвартай байх;

2. Олон улсын бизнес, боловсрол, шинжлэх ухаан технологийн талаар мэдлэг, туршлагатай байх;

✅ Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах хүрээнд:

3. Ардчилал, иргэний нийгэм, хүний эрх, эрх чөлөөний талаар өндөр мэдлэгтэй, тэдгээр үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэгч байх;

4. Онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй үед нэн тэргүүнд энх тайван байдлыг хангах, цэрэг, дайны хүчээр зохицуулах шийдлийг хамгийн сүүлд авч үзэх.

✅ Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалд хяналт тавих замаар Шударга ёсыг хангах хүрээнд:

5. Аль нэг улс төр, эдийн засгийн бүлэглэлийн эрх ашгаас ангид байх, зөвхөн нийт ард түмний эрх ашигт үйлчлэх.

📌 Одоогийн нэр дэвшигчдэд та ямар үнэлгээ өгөх вэ?

Харин одоо та одоогийн 3 нэр дэвшигчид шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлгээ өгч, хамгийн өндөр оноо авч байгааг нь сонгох боломжтой. Үнэлгээ өгөхдөө дараах онооны шкалыг ашиглаарай!

5 – Бүрэн хангана,

3 – Дунд зэрэг,

1- Огт хангахгүй.

Нэр дэвшигч бүрийн хувьд 5 шалгуур тус бүрт оноо өгөөд, нийлбэр оноог нь гаргаад үзээрэй! Нэр дэвшигч тус бүрийн хувьд онооны нийлбэр нь 5-aac 25-н хооронд гарна. Хүн бүрийн хувьд харилцан адилгүй үр дүн гарч болох ч дундаж хандлага нь биднийг илүү зөв сонголт руу хүргэх болно гэдэгт итгэлтэй байна.

Боломжтой бол та шалгуур үзүүлэлтүүдийг нэмэх, хасах гм санал бодлоо хэлээрэй!

Монгол түмний минь сонголт мэргэн байх болтугай!

2021.05.17

Монгол Улсын иргэн

Г.Цогтбаатар

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑