КОВИД 19 ЦАР ТАХАЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

#McKinsey & Company компани цар тахлын төгсгөлийн 2 шатлалтай явагдах дүр тухай төсөөллийг гаргасан бөгөөд нөхцөл байдлаас хамаарч энэхүү төсөөллөө дунджаар улирал тутам шинэчилж байна. Энэхүү төсөөллийн дагуу дараах 2 шатлалаар харьцангуй хэвийн байдал эргэж ирэх юм. Үүнд:

📌 1-р шат буюу Хэвийн байдал руу чиглэсэн шилжилт: Энэ шатанд нийгэм, эдийн засгийн амьдрал хэвийн байдалд бага багаар шилжинэ. Жишээ нь сургуулиуд танхимаар хичээллэж эхлэх, бар болон ресторануудын хязгаарлалт багасах, олон хүн цуглаж уулзах, ажиллах боломж бүрдэх, оффисууд дахин ажиллах, улс хоорондын аялалын хориг, хязгаарлалтууд цөөрөх гм;

📌 2-р шат буюу Сүргийн дархлаа тогтох: Энэ нь цар тахалын илүү тодорхой төгсгөлийг илэрхийлэх ба ихэнх салбарын үйл ажиллагаа сэргэх болно. Гэхдээ сүргийн дархлаа тогтоно гэдэг нь цар тахал устана гэсэн үг биш бөгөөд Ковид 19 цаашид ч байх болно. Хэдийгээр тухайн улс сүргийн дархлаа тогтсон ч гэсэн байнгын тандалт судалгаа, вакцин болон бусад арга хэмжээнүүд авагдсаар байх магадлалтай гэжээ.

2021 оны 2-р улирлын төгсгөл гэхэд хамгийн түрүүнд Их Британи, АНУ улс тэргүүтэй Европийн ихэнх орнууд /хөгжингүй орнууд/ 1-р шатны шилжилт хийнэ. Вакцины үр нөлөө Ковидын шинэ хувилбаруудад сайн байж чадвал 2021 оны 3, 4-р улиралдаа багтаж эдгээр орнууд 2-р шатанд шилжиж, үндсэндээ нийгмийн амьдрал нь хэвийн байдалд орно гэжээ. Харин хөгжиж буй орнууд, ядуу буурай орнуудын хувьд вакцины хүртээмж сайн байж чадвал 2022 оны эхэн гэхэд дөнгөж шаардлагатай вакциныхаа ихэнх хэсгийг татаж авах ба хэвийн түвшинд очих шилжилт нь 2023 оноос наашгүй байх магадлалтай аж.

Харин Монгол улсын хувьд одоогоор нийт насанд хүрсэн хүн амынхаа 84%-д вакцины эхний тунг, 31%-д хоёрдахь тунг хийгээд байгаа ба шаардлагатай вакцины нөөц бүртэлт 87%-тай байгаа зэргээс үзвэл 1-р шатны шилжилт 3-р улирлын дундуур, 2-р шатны шилжилт 4-р улиралд тохиолдох магадлалтай гэж харж байна. Энэ нь вакцины үр нөлөө, эрүүл ахуйн дэглэм сахих байдлаас мэдээж ихээхэн хамаарна. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс маань вакциндаа найдалгүйгээр эрүүл ахуйн дэглэмээ үргэлжлүүлэн сайтар мөрдөж чадвал бид хөгжингүй орнуудын адил хэвийн байдалдаа эрт эргэн орох боломжтой байна.

2021.05.14

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑