ТА “КАПИТАЛИСТ” ХУВЬ ХҮН МӨН ҮҮ?

80-аад оноос хойш төрсөн залуус бол капиталист нийгмийн сайн, муу талд хүмүүжил, боловсролоороо дамжуулан суралцагсад юм. Тэд одоогийн нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг, бизнесийн эзэд, бас ухаалаг хэрэглэгчид.

Санхүүгийн эрх чөлөө, Хүний эрх, Жендерийн тэгш байдал, Нийгмийн хариуцлага, Хэрэглэгчийн эрх ашиг, Дэлхийн хэмжээний боловсрол, Хүртээмжтэй нийгэм зэрэг зүйлс тэдний ухамсартай, ухамсаргүй үйлдлийн хөдөлгөгч хүч болдог.

Эсрэгээрээ Санхүүгийн болон бие мах бодын мөлжлөг, Харилцан ашиггүй шударга бус хэлцлүүд, Жендерийн мэдрэмжгүй зүй бус харилцаа, Нийгмийн эрх ашгийг уландаа гишгэсэн бизнес, улс төрийн үйл ажиллагаануудыг тэд жигшдэг.

Бидний ах эгч, аав ээжийн хандлага, арга барил үеэ өнгөрөөсөн тул шинэ цаг үеийн эзэдтэй харилцах, хамтран ажиллахад 80-с өмнөх оныхон маань суралцах шаардлагатай!

КАПИТАЛИСТУУДЫН ХАНДЛАГА:

📌 БИЗНЕС

– Яагаад би өөрөө бизнесийн эзэн байж болохгүй гэж?

– Миний хөдөлмөрийг шударга үнэлж байна уу?

– Надтай боол мэт харьцаж болохгүй

– Байгаль орчин, эрүүл мэнд аюулгүй нэн тэргүүнд!

– Хэрэглэгч бол хаан,

– Хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх төрлийн хэрэглэгчийн эрх ашигт тохирсон байх ёстой! … гм

Энэ хандлага, сэтгэлгээнд дасан зохицсон бизнесүүд л үлдэнэ, бусад нь зах зээлээс арчигдана. Тиймээс яг энэ үед ГЭР БҮЛ-ийн хаалттай бизнесүүд ОЛОН НИЙТИЙН нээлттэй хэлбэрт шилжих, капиталист нийгэмд тохируулж боловсруулсан ФРАНЧАЙЗ бизнесүүд дотоодын бизнесүүдийг цохих үйл явц хурдацтай явагдаж байна.

📌 УРЛАГ, СПОРТ

– Хүчирхийллийг сурталчилж болохгүй

– Жендерийн өндөр мэдрэмжтэй байх

– Өндөр ёс зүй, ёс суртахуунтай байх

– Энгийн, хялбар байх

– Хүний эрхийг хангах … гм

Энэ хандлага нь ОНИГОО, ХОШИН ШОГ, УРЛАГ, СПОРТ-ын талаарх уламжлалт ойлголт, мэдрэмж бүхэлдээ өөрчлөгдөх үйл явц эхлээд байна. Шаардлагад нийцсэн зүйлс л үлдэх болно.

📌 УЛС ТӨР

– Хүний эрх бол заяагдмал

– Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана

– Төр иргэддээ Үйлчлэх ёстой!

– Хууль бүгдэд шударга үйлчлэх ёстой!

– Хүчирхийлэл, Хүчирхийллийг төрүүлнэ!

– Ардчилал бол Супер удирдагч, цэргийн хатуу чанд дэглэм, үе дамжсан хаант засаглалаас илүү сайн зүйл мөн … гм

Энэ хандлага, үзэл бодол нь төр засгийн арга барил, нам, улс төрийн хүчний бодлого, үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж, ЦАХИМ шилжилт, улс төрчийн АРГА барил хандлагын өөрчлөлтүүдээр илэрч байна.

📌 БОЛОВСРОЛ

– Бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж болохгүй

– Хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй байх

– Дэлхийд өрсөлдөх мэргэжилтийг бэлтгэх

– Багш, суралцагчид эрх тэгш байх

– Багш нар суралцагчдад сэтгэл зүй, бие мах бодын дарамж учруулахгүй байх

Энэ хандлага нь боловсролын салбарт бугшаад байсан асуудлуудыг задалж, цаг үеийн хэрэгцээнд нийцсэн боловсролын тогтолцоо, түүний орчин үеийн хэлбэрүүд, санхүүжилтийн мяханизмууд бий болж буй үйл явцуудаар илрэн гарч байна. Энэ шаардлагад нийцсэн багш, боловсролын байгууллагууд үлдэж, бусад нь цэвэрлэгдэх болно!

ЖИЧ: Миний бие энэхүү үзэл бодлоороо дамжуулан 80-с өмнөх оныхныгоо үгүйсгэхийг зориогүй болно. Тэдэн дунд 80-с хойшхи оныхон, шинэ цагийн КАПИТАЛИСТ-уудтай ижил хандлага, арга барилтай олон хүн бий. Тэдний тусламжтайгаар нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийн үйл явц явагдаж байгаа.

Г.Цогтбаатар

2020.04.21

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑