♻️ Цаасан уут ашиглах нь зөв – Гэхдээ ямар?

Өнгөрсөн онд МУ-ын Засгийн газраас 2019 оны 3 сарын 1-ээс өргөн хэрэглээний нийлэг уут буюу 0.035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон тогтоолыг гаргасан. Мэдээж аливаа шийдвэр эерэг, сөрөг үр дагавартай байдгыг бид мэднэ.

Эерэг талаас нь харвал энэхүү шийдвэр нь жижиг овортой гялгар уутны хэрэглээг бууруулж чадах ба энэ нь цаашид хаа сайгүй тархаж, байгаль орчныг сүйтгэж буй нийлэг хаягдлыг бууруулна. Үүнтэй ижил шийдвэрүүдийг 2000-аад оноос хойш АНУ, Их Британи, Австрали, БНХАУ зэрэг олон орны Засгийн газрууд гаргасан нь богино хугацаанд амжилттай болсон байдаг. Тухайлбал: Их Британи 2015 оноос хойш нийлэг уутны хэрэглээгээ 80%-р бууруулж, хог хаягдлыг зардлаа 80 сая ам доллараар бууруулаад байна.

Харин нөгөө талаас энэ нь цаасан уутны хэрэглээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж таарна. Цаасан уутны хувьд хаягдал болсон ч байгальд түргэн шингэцтэй байдаг нь давуу тал. Гэхдээ бид цаасны хэрэглээний дам сөрөг нөлөөг мөн мэдэх нь зүйтэй. Цаасыг модоор хийдэг ба сүүлийн 40 жилд дэлхий нийтийн цаасны хэрэглээ 400% өсчээ. Дэлхий дээр өдөр бүр 2.5 сая ширхэг модыг цаас хийхэд ашиглах зорилгоор тайрч байгаа нь нийт ойн 35 хувьтай тэнцдэг байна. Ой мод нь амьд биет амьдрахад зайлшгүй чухал хүчил төрөгч, усны нөөц гээд байгалийн орчны тэнцвэртэй байдлыг хангах гол зүрх нь болдог.

Тэгээд цаас хэрэглэхгүй байх уу? Мэдээж хэрэглэнэ. Гэхдээ цаас үйлдвэрлэх зорилгоор байгаль орчноо сүйтгэдэггүй компаниудын цаасан бүтээгдэхүүнийг бид сонгох нь зүйтэй юм. Ялангуяа нийлэг уутны оронд цаасан уутыг борлуулах #худалдаа, үйлчилгээний төвүүд маань #нийгмийнхариуцлагаа ухамсарлан #FSC® лого бүхий цаас үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудыг сонгох эсвэл дахин боловсруулсан цаасыг сонгох боломжтой.

FSC® логоор дамжуулан хэрэглэгчид тухайн цаасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь цаас үйлдвэрлэлдээ ойг хамгаалах болон ойн нөөцийн зөв зохистой менежменттэй эсвэл ханган нийлүүлэлтийн бүхий л үе шатандаа энэ лого бүхий бүтээгдэхүүнийг ашигладаг, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг болохыг мэдэж болно. Энэхүү логог стандарт шаардлага хангасан байгууллагуудад #TheForestStewardshipCouncil® (FSC®) байгууллагаас олгодог.

Хэрэв та болон танай байгууллага үйл ажиллагаандаа #FSC® лого бүхий цаасан бүтээгдэхүүн эсвэл дахин боловсруулсан цаас ашиглахыг хүсвэл харилцагч хэвлэлийн компаниудаасаа асууж сураглаарай. Бидний хувьд энэ чиглэлээр #BCI (BestColorInternational) хэвлэлийн компанитай хамтран ажиллаж байна, холбогдохыг зөвлье! Тэд мөн 2018 оноос эхлэн үйл ажиллагаандаа ISO14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
Нимгэн, зузаан гэлгүй нийлэг уутны хэрэглээгээ багасгаж, эрүүл аюулгүй орчинд сэтгэл амар аж төрцгөөе!

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑