Гэр бүл бүл бол аливаа нийгмийн үндсэн байгууламжуудын нэг бөгөөд түүний хөгжил, төлөвшил нь нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Тиймээс энэ удаад Монгол ГЭР БҮЛ-ийн хөгжилд чөдөр болж буй 3 зүйлийн талаар санал бодлоо илэрхийллээ. Та бүхэн мөн өөрийн саналаа өгөөрэй.
- ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ДАГАХ. Жишээ нь:
- Эмэгтэй нь ГЭРИЙН АЖИЛ, эрэгтэй нь ЦАЛИНТАЙ АЖИЛ хийх ёстой гэж бат итгэх. Үр дүнд нь ихэнх эмэгтэйчүүд гэрийн хүүхэд асрагч, тогооч, үйлчлэгч, нөхрийн боол буюу гэр бүл дэх цалингүй ажилтан болж хувирсан жишээ олон. Эмэгтэй хүн олон жил ийм байдлаар гэртээ хүлээтэй суух тутам гадаад ажил буюу карьер, нийгэмд эзлэх байр суурийн хувьд хоцрогдож байна. Зүй нь эрчүүд маань гэр цэвэрлэх, хоол хийх, хүүхэд асрахаас эхлээд гэрийн ажлыг эхнэртэйгээ хувааж хийх, хэрэв тийм цаг байдаггүй бол энэ ажлыг бусдаар гүйцэтгүүлж, эхнэрээ сурч боловсрох, ажил карьераа ахиулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Гэр бүлийн хоёр зэрэгцэн ажиллаж эхлэх үед гэр бүлийн санхүү, харилцаа гм олон зүйлд эерэг өөрчлөлтүүд гарах нь тодорхой;
- СОЁЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭХ, ХУВИЙН МУУ ЗУРШИЛ БА БУСДЫН НӨЛӨӨЛӨЛД АВТАХ. Жишээ нь:
- Эхнэр нөхрүүд ихэвчлэн хоёр өөр гэр бүлийн хүмүүжил, соёлоос шалтгаалан бие биеээ ойлгохгүй, сөргөлдөх үе бий. Энэ сөргөлдөөн нь даамжирвал гэр бүлийн харилцаанд сэв суулгах, цаашлаад салалтад хүргэж болно. Зүй нь энэ үед аль нэгнийхээ соёлыг дагах гэхээс илүүтэйгээр харилцан ойлголцолд суурилсан гэр бүлийн шинэ соёл, хэм хэмжээг бий болгох нь чухал гэж үздэг. Тиймээс Манайхан, Танайхан гэж байхгүй, МАНАЙХ л гэж байх нь;
- Ганц бие байхдаа тогтоосон буруу зуршилаа гэр бүл болсон хойноо ч хадгалж үлдэх гэж хичээх. Ялангуяа эрчүүдийн хувьд найз нөхөдтэйгээ уулзах, гадуур явах, шоудах зэргийг хэтрүүлбэл ГЭР БҮЛ-ээс гадуурх явдал, ГЭР БҮЛ-ийн Хүчирхийлэл зэрэгт хүргэдэг болохыг социологийн олон судалгаанаас харж болно. Зүй нь мэдээж эхнэр, нөхөрт хувийн орон зай байх ёстойг аль аль нь хүлээн зөвшөөрөх ёстой боловч энэхүү орон зай нь гэр бүлийн харилцаа, хөгжилд сөрөг нөлөөлөх хэмжээнд хүрч болохгүй нь ойлгомжтой;
- Ээж, аав, хамаатан садан, найз нөхөд зэрэг бусдын үзэл бодол, үг, нөлөөнд автах. Хос хоёрын хэн нэгний талаар сайн, муу олон зүйлийг бусад хүмүүс хэлэх нь бий. Ялангуяа нийлмэл, өргөжсөн гэр бүлээр амьдрах хандлагатай манай нийгэмд энэ их түгээмэл. Тиймээс бусдын үг, үзэл бодлоор бие биенээ дүгнэж, шүүхгүй байх, зөвхөн хос хоёр бие биенийхөө бодол, санааг чухалд тооцох нь гэр бүлийн харилцаагаа бат бөх байлгахад чухал нөлөөтэй байдаг.
- ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БАЙХ. Жишээ нь:
- Ихэнх хосууд гэр бүлийн алс, ирээдүй, түүнтэй уялдсан төсөв төлөвлөгөөнийхөө талаар ярилцдаггүй. Үүнээс шалтгаалж өрхийн төсвийг гэнэтийн, шаардлагагүй зүйлд ихээр зарцуулах хандлага байна. Өөрийн орон гэргүй, аав ээжийндээ амьдарч байгаа хэрнээ том машин, үнэтэй утас, хувцас, эдлэл линзингдсэн олон хүнтэй дайралдаж байлаа. Зүй нь гэр бүлийн хувьд тодорхой хугацааны дараа хаана байх, түүний тулд юунд цаг ба мөнгөө зарцуулах, гол зардлуудынхаа эрэмбийг зөв тогтоох, цаашлаад эхнэр ба нөхөр үүнд хэн нь ямар үүрэг оролцоотой байх талаар ярилцаж, ойлголцож байх нь чухал;
- Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэж итгэх. Залуус маань зарим талаар уламжлал, сургаалиудад цэнзуртай хандах хэрэгтэй байх. Манай өвөг дээдсийн ихэнх сургаал нь тэдний амьдарч байсан тухайн нийгмийн онцлог, шаардлагад нийцэж байсан бол орчин үед зарим нь төдийлөн тохиромжгүй болсон. Уламжлалт мал аж ахуй эрхэлж амьдардаг байх үед гэр бүлд хүн нэмэх нь ажиллах хүчнийг нэмж, тэр хэрээр мал ахуйгаас олох үр өгөөжийг дээшлүүлж байсан байж болох ч орчин үеийн нийгэмд төдийлөн тохиромжтой биш байна. Тиймээс хүн нэмэх шийдвэртэй зэрэгцэн, нэмэгдсэн хүнээ эрүүл мэнд өсгөж хүмүүжүүлэх, чанартай сайн боловсрол олгож цаашид бие даан амьдрах чадвартай нийгмийн хариуцлагатай нэгэн гишүүн болгоход аав, ээжээс нь шаардагдах цаг болон мөнгийг зарцуулж чадах эсэхээ давхар бодолцох ёстой байна.
Leave a comment